Авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахтай холбоотой гурван хэргийг шүүхээр хэлэлцэж, холбогдогчдод ял шийтгэл оногдуулжээ. Тодруулбал, аймгийн удирдлагууд нөхөн сэргээлтийн тендерт компанид давуу байдал олгохын тулд 100 сая төгрөгийн хахууль авсан, хорих ангийн нягтлан бодогч албан хаагчдын цалингаас 20.3 сая төгрөг завшсан, мөн төрийн өмчит компанийн удирдлагуудад 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэргүүдийг шүүх шийдвэрлэсэн байна.
Нөхөн сэргээлтийн тендерт давуу байдал олгохын тулд 100 сая төгрөгийн хахууль авчээ
Б… аймгийн Засаг дарга Г.Б, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О нар 2017 онд нөхөн сэргээлтийн тендерт “Э…” ХХК-ийг шалгаруулахаар амлаж, тус компанийн нягтлан бодогч З.Э-ээс 100 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогджээ. Улмаар тухайн компанитай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулж, эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.
Шүүхээс Г.Б-г нийтийн албанд ажиллах эрхийг найман жилээр хасаж, 31.8 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн бол Ц.О-д нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасаж, мөн 31.8 сая төгрөгөөр торгох ял оноожээ.
Харин хахууль өгсөн З.Э-д зургаан сая төгрөгийн торгууль ногдуулж, нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хассан байна. Мөн тендерт давуу байдал бий болгоход оролцсон Д.И, Д.С, С.М нарыг тус бүр 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасжээ.
Түүнчлэн хахуулийн 100 сая төгрөгийг Г.Б, Ц.О нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Хорих ангийн нягтлан бодогч албан хаагчдын цалингаас 20.3 сая төгрөг завшжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих ангийн нягтлан бодогч Б.Т нь 2025 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд 59 албан хаагчийн цалингаас давхардсан тоогоор нийт 27.8 сая төгрөг суутган авчээ. Улмаар уг мөнгөнөөс 20.3 сая төгрөгийг өөрийн дансанд шилжүүлэн авч, завшсан нь тогтоогдсон байна.
Прокуророос Б.Т-г албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутган яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасах, мөн хоёр жилийн хугацаанд тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах ял оногдуулсан байна.
Төрийн өмчит компанийн удирдлагуудад 140 сая төгрөгийн хахууль өгчээ
Мөн Д.Ү нь 2024 онд төрийн өмчит “Д…” ХХК-ийн удирдлагуудад төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулах, бүтээгдэхүүний тээвэрлэлтийг шуурхайлуулах зорилгоор хоёр удаагийн үйлдлээр нийт 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогджээ.
Шүүхээс Д.Ү-г гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хасахын зэрэгцээ 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
С.МАНДАХ