Засгийн газар төсвийн алдагдлыг санхүүжүүлэхийн тулд дотоод, гадаад үнэт цаас гаргаж, 2.48 их наяд төгрөг хүртэлх зээл авах эрх хүсжээ. Үүний зэрэгцээ ирэх онд өмнөх өрийн үндсэн төлбөрт 3.65 их наяд төгрөг, өрийн үйлчилгээнд 5.23 их наяд төгрөг зарцуулахаар тооцсон нь улсын санхүүгийн дарамт нэмэгдэх эрсдэлтэйг харуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын өр 2027 онд 56.6 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 49.6 хувьтай тэнцэхээр байгаа юм. Энэ нь 2026 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 11 их наяд орчим төгрөгөөр, 2025 оны эцсийн үзүүлэлтээс 21.2 их наяд төгрөгөөр нэмэгдэх тооцоо аж.
Ирэх оны төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор Засгийн газар хоёр их наяд төгрөг хүртэлх дотоод үнэт цаас, нэг тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргахаар төлөвлөжээ. Мөн гадаад, дотоод эх үүсвэрээс 2.48 их наяд төгрөг хүртэлх зээл авах эрхийг төсвийн төсөлд тусгасан байна.
Төсвийн алдагдлыг шинэ зээлээр нөхнө
2027 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн зарлагыг 41.6 их наяд төгрөг, алдагдлыг 2.3 их наяд төгрөгөөр тооцсон. Алдагдлын хэмжээ 2026 оны батлагдсан төсвөөс 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн бол төсвийн тодотголтой харьцуулахад 300 тэрбум төгрөгөөр өсжээ.
Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх нэг гол эх үүсвэр нь шинээр авах зээл, гаргах үнэт цаас байх аж. Тодруулбал, Засгийн газар дотоодын зах зээлээс хоёр их наяд төгрөг хүртэлх үнэт цаас гаргаж, олон улсын зах зээлээс нэг тэрбум ам.доллар хүртэлх хэмжээний бонд босгохоор төлөвлөсөн байна.
УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны улсын төсвийн тухай хуулийн төсөлд гадаад, дотоод зээллэгийн дээд хэмжээг 2.4888 их наяд төгрөгөөр, гадаад төслийн зээлийн хэмжээг 3.8773 их наяд төгрөгөөр тусгажээ. Эдгээр нь төсөлд заасан зээллэгийн дээд хязгаар бөгөөд заавал бүх хэмжээгээр зээл авна гэсэн үг биш юм.
Шинэ зээлээс гадна өмнөх өрийн төлбөр хүлээж байна
Монгол Улсын хувьд ирэх онд шинээр зээл авах шаардлагаас гадна өмнө нь босгосон бонд, авсан зээлийн үндсэн төлбөрийг барагдуулах томоохон үүрэг хүлээгдэж байна.
Төсвийн төсөлд дурдсанаар, 2027 онд “Century” цуврал бондын төлбөрт 1.6 их наяд төгрөг, гадаад зээлийн үндсэн төлбөрт 1.8 их наяд төгрөг төлөхөөр тооцжээ. Дотоод бондын үндсэн төлбөрийг нэмж тооцвол нийт 3.65 их наяд төгрөгийн үндсэн төлбөр барагдуулах хуваарьтай байна. Харин хүү болон бусад зардлыг багтаасан өрийн үйлчилгээний төлбөрт 5.23 их наяд төгрөг зарцуулахаар тусгажээ.
Гэхдээ УИХ-д өргөн мэдүүлсэн улсын төсвийн хуулийн төслийн өөр нэг тооцооллоор Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.9872 их наяд төгрөг төлөхөөр тусгасан байна.
Өрийн эргэн төлөлтийн дарамт 2027 оноор дуусахгүй. Тухайлбал, 2027-2030 онд “Century I-IV” бондын үндсэн төлбөрт нийт 1.4 тэрбум ам.доллар төлөх хуваарьтай байгаа нь улсын төсөвт төдийгүй төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцөд дарамт учруулж болзошгүйг анхааруулжээ.
Түүнчлэн Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтад зориулан гаргасан 500 сая ам.долларын үнэт цаасыг 2027 онд бүрэн төлж барагдуулах хуваарьтай. Уг төлбөрийг дахин санхүүжүүлэхэд Засгийн газар өрийн баталгаа гаргахаар төлөвлөсөн байна.
Өрийн баталгаа 6.4 их наяд төгрөгт хүрнэ
Өрийн өсөлт зөвхөн Засгийн газрын шууд зээллэгээр хязгаарлагдахгүй. 2027 онд Засгийн газар нийт 6.4 их наяд төгрөг хүртэлх өрийн баталгаа гаргахаар төсөвлөжээ.
Мөн аймаг, нийслэлд 2.85 их наяд төгрөг хүртэлх үнэт цаас гаргах эрх олгохоор тусгасан байна. Энэ нь орон нутгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын санхүүжилтэд ашиглагдах боломжтой ч тухайн өр төлбөрийн эрсдэлийг хэрхэн удирдах, баталгааны үүрэг ямар нөхцөлд Засгийн газарт шилжих нь чухал асуудал юм.
Өрийн баталгаа нь шууд утгаараа Засгийн газрын авсан зээл биш. Харин баталгаа гаргасан байгууллага, төсөл зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөлд төрөөс төлбөр хариуцах эрсдэл үүсдэг. Тиймээс баталгааны хэмжээ нэмэгдэх нь төсөвт ирээдүйд үүсэж болзошгүй өр төлбөрийн эрсдэлийг давхар өсгөдөг.
Уул уурхайн орлогоос хамаарах төсвийн эрсдэл
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл Засгийн газрын өрийн өсөлтөөс гадна төсвийн орлогын бүтцийг анхаарах шаардлагатайг онцолжээ.
Тус зөвлөлийн дүгнэлтээр, Засгийн газрын өр 2025 оны эцэст 35.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай байсан бол 2027 онд 56.6 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 49.6 хувьтай тэнцэхээр байна. Ийнхүү өрийн хэмжээ богино хугацаанд огцом нэмэгдэх нь эргэн төлөлт, өрийн үйлчилгээний зардал болон валютын ханшийн эрсдэлийг өсгөх нөхцөл бүрдүүлж болзошгүй аж.
Үүнээс гадна төсвийн орлого уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай хэвээр байна. Төсвийн орлогын тодорхой хэсгийг нүүрс, зэсийн экспортын татвар болон төрийн өмчит компаниудын ногдол ашиг бүрдүүлж байгаа нь дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн хэлбэлзэлд төсвийг эмзэг болгож байна.
Тухайлбал, Дэлхийн банкны 2026 оны дөрөвдүгээр сарын түүхий эдийн зах зээлийн төсөөллөөр нүүрсний үнэ 2027 онд 12 хувь, зэсийн үнэ найман хувиар буурах төлөвтэй байжээ. Хэрэв түүхий эдийн үнэ болон экспортын хэмжээ төсөвт тооцсон түвшнээс доогуур байвал орлого тасалдаж, алдагдлыг нөхөх шинэ санхүүжилтийн хэрэгцээ нэмэгдэх эрсдэлтэй.
УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр ч урсгал зардал нэмэгдэж, байнгын шинжтэй зардлын эзлэх хувь өсөх нь дунд хугацаанд төсвийн бодлогын орон зайг хумих эрсдэлтэйг анхааруулсан байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын төслүүдийг зөв эрэмбэлэх, хугацаа сунжирч өртөг нь нэмэгдэж буй төслүүдэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатайг гишүүд хөнджээ.
Өрийн өсөлт эдийн засагт ямар дарамт үүсгэх вэ?
Засгийн газрын өр нэмэгдэх нь дан ганц улсын санхүүгийн тайлангийн үзүүлэлт биш. Өрийн үйлчилгээний зардал өсөх тусам боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц болон бусад салбарт зарцуулах төсвийн боломж хумигдах эрсдэлтэй.
Мөн гадаад валютаар төлөх өрийн хэмжээ их байх нь төгрөгийн ханш сулрах үед төсөвт нэмэлт дарамт учруулна. Төгрөгөөр тооцсон гадаад өрийн хэмжээ өсөж, төлбөрт шаардагдах дотоодын эх үүсвэр нэмэгдэх боломжтой. Харин олон улсын зах зээлээс шинэ бонд гаргах өртөг өндөр байвал хуучин өрийг дахин санхүүжүүлэх зардал ч өснө.
Ийм нөхцөлд өрийн хэмжээг дангаар нь бус, түүнийг ямар зориулалтаар ашиглаж байгаа, зээлээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт эдийн засагт ямар өгөөж бий болгож байгаа, цаашид ямар орлогоор эргэн төлөх вэ гэдгээр нь үнэлэх шаардлагатай.
Төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлэх нь тодорхой нөхцөлд эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалтыг дэмжих боломжтой. Гэвч зээлээр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалт үр ашиггүй, эсвэл төлөвлөсөн орлогоо бий болгож чадахгүй бол өрийн төлбөр дараагийн жилүүдийн төсөвт улам их ачаа болж үлдэнэ.
Тиймээс 2027 оны төсвийн гол сорилт зөвхөн шинэ зээл босгох, өмнөх өрөө төлөхөд бус, өрийн өсөлтийг эдийн засгийн бодит өгөөжтэй уялдуулж, төсвийн орлогын уул уурхайгаас хамаарах хамаарлыг бууруулах юм.
Э.ЦЭЦЭН