Сэтгүүлч Б.Даваахүүг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх асуудлыг энэ сарын 20-ны баасан гарагт шүүхээр хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур шалгах боломж олгох хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал баасан гарагт болох ажээ.
Б.Даваахүүг ямар үндэслэлээр цагдан хорьсон бэ?
Сэтгүүлч Б.Даваахүүг энэ сарын 5-наас 6-нд шилжих шөнө ажлаа тараад, гэртээ харих замд нь цагдаагийн байгууллагаас баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Улмаар 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр шүүхээс түүнийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.
Шүүхийн албан ёсны тоймд дурдсанаар, түүнийг Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.
Өмгөөлөгчид нь "Цагдан хорих шаардлагагүй" гэж үзэж байна
Б.Даваахүүгийн өмгөөлөгчид түүнийг цагдан хорих шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагааг гадуур явуулах бүрэн боломжтой гэж үзэж байгаа аж. Өмгөөлөгч Г.Лувсансампилийн хэвлэлд өгсөн мэдээллээр, прокурор мөрдөн шалгах ажиллагааны нууц гэх үндэслэлээр хэргийн нотлох баримтыг өмгөөлөгчдөд танилцуулаагүй байна.
Мөн сэтгүүлчийн гадаад паспортыг хураан авсан бөгөөд оргон зайлах эрсдэлтэй гэх үндэслэлийг өмгөөлөгч нь няцааж, биеийн байдал нь хэвийн байгаа талаар мөн мэдээлсэн билээ. Өмгөөлөгчид нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хэргийг гадуур шалгуулах байр суурь илэрхийлж байгаа юм.
МСНЭ: Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс энэ сарын 15-нд "Сэтгүүлчдийг цагдан хорихоо зогсоо!" гэсэн мэдэгдэл гаргаж, Б.Даваахүүг цагдан хорьж буй үндэслэлийг нэн даруй дахин хянахыг холбогдох байгууллагуудаас шаардсан.
МСНЭ-ээс сэтгүүлчдийг хэвлэн нийтэлсэн мэдээлэл, эрэн сурвалжилсан бүтээл, эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагаанд тавьсан шүүмжлэлтэй нь холбогдуулан баривчлах, саатуулах, цагдан хорих тохиолдлууд нэмэгдэж буй нь хэвлэлийн эрх чөлөөнд эрсдэл учруулж байгааг онцолсон. Тус эвлэл дараах шаардлагуудыг тавида буй юм. Үүнд:
-Сэтгүүлч Б.Даваахүүг цагдан хорьж буй үндэслэлийг дахин хянаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн гадуур шалгах боломж олгох.
-Сэтгүүлчдийг мэргэжлийн үйл ажиллагаа, нийтлэл, эрэн сурвалжилсан бүтээлтэй нь холбогдуулан дарамтлах, үндэслэлгүйгээр цагдан хорихыг зогсоох.
-Сэжигтнийг өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байх, хууль зүйн туслалцаа авах боломжийг хязгаарлах зэрэг хүний эрхийн зөрчил гарч байгаа эсэхийг шалгах.
-Цагдан хорих арга хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны дарамт, урьдчилсан шийтгэл болгон ашиглахгүй байх.
-Сэтгүүлчдийг цагдан хорьсон хэргүүдийн эцсийн шийдвэр, хэрэгсэхгүй болгосон болон цагаатгасан хэргийн статистикийг нээлттэй болгох.
МСНЭ-ийн үзэж байгаагаар гэмт хэрэгт холбогдуулан шалгах ажиллагаа явуулах нь хуульд нийцсэн байж болох ч хүний эрх, хууль зүйн туслалцаа авах боломж, хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэх ёстой юм.
Энэ хэрэг хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг дахин хөндөж байна
Б.Даваахүүгийн асуудал нь зөвхөн нэг сэтгүүлчид авсан таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бус, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хууль сахиулах байгууллагын ажиллагааны ил тод байдлын асуудлыг ч хөндөж байна. Нөгөө талаас, нийтийн албан тушаалтныг заналхийлсэн гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тул мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, нотлох баримт, шүүхийн шийдвэр чухал ач холбогдолтой юм.
Одоогийн байдлаар Б.Даваахүүгийн гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагт болох шүүх хурлаар сэтгүүлч Б.Даваахүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх үү, эсвэл өөрчилж гадуур шалгах уу гэдэг асуудлыг хэлэлцэхээр байна.
С.МАНДАХ