Орос-Монголын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны найрсаг харилцаа, стратегийн түншлэлийг мэдээллийн салбараар дамжуулан бэхжүүлэх зорилготой “Орос-Монголын хэвлэл мэдээллийн форум” арваннэгдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Форумд хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын удирдлага, сэтгүүлчид, мэргэжилтнүүд оролцож, мэдээллийн хамтын ажиллагааны шинэ боломж, дэлхийн мэдээг үндэсний онцлогт нийцүүлэн хүргэх арга хэлбэр, хиймэл оюун ухааны хэрэглээ, орчин үеийн медиагийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэнэ.
Форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, “Sputnik” олон улсын мэдээллийн агентлаг, радиогийн удирдагч О.Ю.Лисогор нар нээнэ. Форум дараах үндсэн гурван сэдвийн хүрээнд өрнөнө. Үүнд:
Нэгдүгээрт. “Шинэ формат, нэгдмэл утга агуулга: Мэдээллийн хамтын ажиллагаа Орос-Монголын түншлэлийг бэхжүүлэх нь” сэдвээр хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоо, хамтарсан контент бүтээх боломжийг хэлэлцэнэ.
Хоёрдугаарт. “Дэлхийн мэдээг өөрийн үзэгч, уншигчдын хэлээр хэрхэн хүргэх вэ?” сэдвийн хүрээнд олон улсын мэдээллийг үндэсний хэл, онцлогт нийцүүлэн түгээх, үзэгч, уншигчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудлыг хөндөнө. Мөн Sputnik агентлагийн редакцын үйл ажиллагаанд хиймэл оюун ухааны технологи ашиглах талаар мастер-класс зохион байгуулна.
Гуравдугаарт. “Соёлын кодыг хадгалж, ирээдүйн медиаг бүтээх нь” сэдвээр алгоритм, цахим орчны трендийн нөлөөн дор үндэсний хэл, соёл, үнэт зүйл, онцлогоо хадгалан хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
Форумын төгсгөлд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан төсөл, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэж, нэгдсэн дүгнэлт гаргана.
“Орос-Монголын медиа форум” нь хоёр орны сэтгүүл зүйн салбарын харилцааг шинэ шатанд гаргаж, мэргэжлийн туршлага солилцох, хамтын ажиллагааны бодит боломжуудыг нээх чухал ач холбогдолтой юм.

Э.ЦЭЦЭН