Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал асан Б.Бат-Эрдэнэ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Р.Дагдан, тус компанийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга асан А.Энхбат нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт хийхээр товложээ.
Тус хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэх юм. Прокурорын байгууллагаас дээрх дөрвөн хүнд холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх болон бусад холбогдох гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Сануулахад, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийг хэд хэдэн албан тушаалд ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн болон дангаар хууль бус үйлдэл гаргасан гэх хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
Тодруулбал, 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад ажилладаг албан тушаалтанд нөлөөлж, түүний хамаарал бүхий компанийг тендер, сонгон шалгаруулалтад оролцуулсны улмаас компанид 13 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн байна. Мөн “ДГС” ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлэх гэрээ байгуулж, есөн сая төгрөгийн санхүүжилт авсан гэх асуудал багтжээ.
Түүнчлэн 2019 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа “Техникийн комисс томилох тухай” тушаал гаргаж, ажлыг хүлээн авахуулан өөрийн хамаарал бүхий “Багануур энерги” ХХК-д давуу байдал бий болгосны хариуд 100 сая төгрөгийн хахууль өгсөн гэж яллах дүгнэлтэд дурдсан байна. Мөн гэрээнд заасан санхүүжилтийг баталгаажуулсны хариуд 30 сая төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогджээ.
Харин 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа П.Т-г сайдын орон тооны зөвлөхөөр томилж, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 18 сая төгрөгийн хахууль авсан гэж үзсэн байна.
Мөн 2023-2024 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа:
-
Р.Дагдан, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 25 сая төгрөгийн хохирол учруулсан;
-
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн захирал Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, тус компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан;
-
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д 11 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогдож байна.
“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бат-Эрдэнийг 2022 онд албан тушаалаа хашиж байхдаа бусдад удаан жилийн нэмэгдлийг хууль зөрчин олгож, компанид 14 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгажээ.
Мөн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхтэй бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосны улмаас компанид 24 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдсон байна.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Р.Дагданг 2023 онд ажиллаж байхдаа Н.Тавинбэх, А.Энхбат нартай бүлэглэн үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгож, тус компанид 25 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлтэд тусгажээ.
Харин тус компанийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга асан А.Энхбатыг мөн 2023 онд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үндэслэлгүйгээр цалин, урамшуулал, үр дүнгийн нэмэгдэл олгосон буюу 25 сая төгрөгийг хууль бусаар зарцуулсан хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлсэн байна.
Дээрх дөрвөн хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ийн энэ сарын 20-нд эхлэхээр товлогджээ. Шүүх хуралдаанаар прокуророос яллах дүгнэлтэд тусгасан үйл баримт, нотлох баримтуудыг хэлэлцэж, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоох юм.
С.МАНДАХ
Шүүхийн хэвлэл мэдээлэл+2