Исламын Бүгд Найрамдах Иран Улс Ормузын хоолойн удирдлага, хяналтын хүрээтэй холбоотой өөрийн эрх мэдлийн бүсийг дараах байдлаар тодорхойлсон тухай мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд Ормузын хоолойг хянах шугам нь Ираны Кух-е Мобарак уулнаас эхэлж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Фужайра хотын өмнөд хэсэг хүртэл үргэлжилнэ гэж дурдсан байна. Мөн Ираны Кешм арлыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Умм Аль Кувейн хоттой холбосон шугамаар баруун талаас нь тодорхойлсон гэжээ.
Мэдээлэлд мөн "Ираны Исламын Хувьсгалыг Хамгаалах Корпусын хяналттай бүс нутгаар нэвтрэх хөлөг онгоцны хөдөлгөөнийг зөвхөн PGSA байгууллагын зөвшөөрлөөр явуулна" гэж онцолсон байна.
АНУ болон Израиль хоёрдугаар сарын 28-нд Иран руу цэргийн ажиллагаа эхлүүлж, Тегеран зэрэг томоохон хотууд цохилтод өртсөн гэж мэдээлжээ. Үүний хариуд Исламын Хувьсгалыг Хамгаалах Корпус өргөн хүрээний сөрөг ажиллагаа явуулж, Израиль руу довтолсон. Мөн АНУ-ын цэргийн байгууламжууд Бахрейн, Иордан, Ирак, Катар, Кувейт, АНЭУ болон Саудын Арабт цохилтод өртсөн гэж дурдсан байна.
Ираны эрх баригчид мөн Ормузын хоолойг АНУ, Израиль болон “Исламын Бүгд Найрамдах Иран Улсын эсрэг түрэмгийллийг дэмжсэн” орнуудтай холбоотой хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS