Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг 2022 оноос хойш Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан бөгөөд түүнийг энэ сарын 14-ний өдөр Швед Улсаас эх оронд нь авчирчээ.
Тодруулбал, Швед Улсад саатуулагдаад байсан Г.Ган-Очирыг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчооны ажилтнууд холбогдох хууль, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд эх оронд нь шилжүүлэн авчирсан байна.
Түүнийг Монгол Улсад ирсэн даруйд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, улмаар үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болжээ.
Одоогоор түүнийг хэд хэдэн үндэслэлээр яллагдагчаар татсан бөгөөд холбогдох хэргүүдийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.
2022 ОНД ЭХ ОРОНДОО ШАЛГАГДАЖ БАЙХДАА ГАДААД РУУ ОРГОН ЗАЙЛЖЭЭ
Эргэн сануулахад, Г.Ган-Очир нь Монгол Улсад байхдаа хэд хэдэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд тэдгээр хэрэгт яллагдагчаар татагдсан байх хугацаандаа буюу 2022 оны долдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын хилээр гарч, гадаад улс руу явсан байдаг.
Түүнийг дараах хэрэгт холбогдуулан шалгаж байжээ. Үүнд:
-
Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан;
-
Бусдын эзэмшлийн байшинг галдан шатааж, эд хөрөнгийг хууль бусаар устгасан;
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа цагдан хорих ангийн болон цагдаагийн алба хаагчдыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх хэрэг багтаж байна.
Эдгээр үйлдэлтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 3.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг яллагдагчаар татсан талаар Улсын ерөнхий прокурорын газраас өмнө нь албан ёсоор мэдээлж байжээ.
Улмаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн байна.
ФРАНЦ УЛСАД ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ХЭРГЭЭР ХОЁР ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
Г.Ган-Очир нь Монгол Улсаас гарсны дараа Франц Улсад очиж, тэнд байх хугацаандаа дахин эрүүгийн хэрэгт холбогдсон байна.
Тодруулбал, Франц Улсын Аннеси хотын Эрүүгийн хэргийн шүүхийн 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, хоёр жилийн хорих ял оногдуулсан талаар Улсын ерөнхий прокурорын газарт Францын Интерполын Үндэсний төв товчооноос мэдээлэл ирүүлж байжээ.
Түүнчлэн тэрбээр Франц Улсад ял эдэлж байх хугацаандаа дахин оргон зайлсан гэх мэдээлэл бий. Үүний улмаас Францын тал ч мөн түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байсан талаар хэвлэлүүд мэдээлсэн байна.
2025 ОНД ШВЕД УЛСАД СААТУУЛАГДАЖ, ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙВ
Монгол Улсаас гадна Франц Улсын хууль сахиулах байгууллагын эрэн сурвалжлах ажиллагаанд байсан Г.Ган-Очирыг 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр Швед Улсад саатуулсан байна.
Тухайн үед Монгол болон Франц Улсын эрх бүхий байгууллагууд түүнийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан боловч аль улсад шилжүүлэх асуудал тодорхойгүй байсан талаар мэдээлж байв.
Улмаар 2026 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хэвлэл мэдээллийн мэдээллээр Швед Улс түүнийг өөрийн нутаг дэвсгэрт үргэлжлүүлэн цагдан хорьж байсан бөгөөд шилжүүлэн авах хүсэлтүүдийн асуудал шийдвэрлэгдээгүй байжээ.
Харин энэ удаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хүсэлт, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд түүнийг Шведээс эх оронд нь авчирсан нь ийнхүү олон жил үргэлжилсэн эрэн сурвалжлах ажиллагааны дараагийн чухал үйл явдал болж байна.
С.МАНДАХ