“SouthGobi Resources”-ийн Монгол дахь 100 хувийн эзэмшлийн охин компани “SouthGobi Sands” ХХК татварын аудитын шалгалтын дүнг хүлээн зөвшөөрч, давж заалдахгүй байхаар шийдвэрлэжээ.

Монголын Татварын ерөнхий газраас “SouthGobi Sands” ХХК-ийн 2022–2023 оны санхүүгийн мэдээлэлд хийсэн татварын иж бүрэн шалгалтын үр дүнд тус компанид ойролцоогоор 7.1 сая ам.долларын татварын торгууль ногдуулсан. “SouthGobi Resources” компани уг шийдвэрийн талаар 2026 оны арваннэгдүгээр сарын 6-нд Хонконгийн хөрөнгийн биржид албан ёсоор мэдээлсэн байна.

Татварын ерөнхий газраас шалгалтын дүнг тус компанид 2026 оны аравдугаар сарын 23-нд албан ёсоор хүргүүлсэн бөгөөд торгууль нь шилжүүлгийн үнэ тогтоолт, төлөгдөөгүй татварын өр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татвартай холбоотой аж.

Монголын хууль тогтоомжийн дагуу “SouthGobi Sands” ХХК мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах эрхтэй байжээ. Гэвч тус компани Монгол дахь хараат бус татварын зөвлөхөөс мэргэжлийн зөвлөгөө авч, шалгалтын дүнг үнэлсний дараа татварын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах болон захиргааны журмаар гомдол гаргахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

Өмнө нь 75 сая ам.долларын татварын маргаан үүсэж байв

“SouthGobi Sands” ХХК-ийн татварын асуудал анх удаа хөндөгдөж байгаа нь энэ биш юм. Компанийн 2026 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланд дурдсанаар, Татварын ерөнхий газар 2023 онд тус компанийн 2017–2020 оны татварын тайлан, санхүүгийн мэдээлэлд шалгалт хийж, шилжүүлгийн үнэ тогтоолт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр болон төлөгдөөгүй татварын өртэй холбоотойгоор анх 75 сая ам.долларын торгууль ногдуулжээ.

Тус компани уг шийдвэрийг эсэргүүцэн гомдол гаргасан бөгөөд Татварын маргаан таслах зөвлөл 2024 оны арванхоёрдугаар сард торгуулийн хэмжээг ойролцоогоор 80 сая ам.доллараас 26.5 сая ам.доллар болгон бууруулсан байна. Улмаар уг шийдвэртэй холбоотой шүүхийн маргаан 2025 онд эцэслэн шийдвэрлэгдэж, компани 2026 оны хоёрдугаар сард тухайн торгуулийг бүрэн төлж барагдуулжээ.

Өмнөх татварын маргааныг эцэслэн шийдвэрлэснээс хойш удалгүй 2022-2023 оны санхүүгийн мэдээлэлд хийсэн шинэ шалгалтын дүнгээр дахин торгууль ногдуулсан нь анхаарал татаж буй юм.

Санхүүгийн тайланд 18.5 сая ам.долларын татварын нөөц тусгажээ

“SouthGobi Resources” компани 2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаар татварын нэмэлт торгуультай холбоотой 18.5 сая ам.долларын нөөц санхүүгийн тайландаа тусгаснаа мөн мэдээлсэн байна. Компанийн тайлбараар, 18.5 сая ам.доллар нь татварын байгууллагаас цаашдын татварын шалгалтын үеэр ногдуулж болзошгүй нэмэлт торгуулийн урьдчилсан тооцоолол юм. Эцсийн шалгалтын үр дүнгээс хамааран уг нөөцийн хэмжээг өөрчлөх боломжтой аж.

Мөн компанийн санхүүгийн тайланд 2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаар эргэлтийн хөрөнгийн дутагдал 322.3 сая ам.долларт хүрсэн гэж дурджээ. Энэ нь компанийн богино хугацаанд төлөх өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө давсан үзүүлэлт юм. Тус компани үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахын тулд хангалттай мөнгөн урсгал бүрдүүлэх, нэмэлт санхүүжилт татах эсвэл өр төлбөрийн бүтцээ өөрчлөх шаардлагатайг тайландаа тэмдэглэсэн байна.

Нүүрсний борлуулалт өссөн ч санхүүгийн сорилт хэвээр байна

Татварын маргааны талаар мэдээлснээс долоо хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 13-нд “SouthGobi Resources” 2026 оны гуравдугаар улирлын үйл ажиллагаа, санхүүгийн урьдчилсан үр дүнгээ танилцуулжээ.

Тус компанийн мэдээлснээр, 2026 оны гуравдугаар улиралд нүүрсний борлуулалтын хэмжээ 3.3 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн 3.0 сая тонноос өссөн үзүүлэлт аж. Мөн нэг тонн нүүрсний борлуулалтын дундаж үнэ 2025 оны гуравдугаар улиралд 49 ам.доллар байсан бол 2026 оны мөн үед 72.9 ам.доллар болж нэмэгджээ. Үүний нөлөөгөөр компанийн үйл ажиллагааны ашиг 47.9 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийн 1.1 сая ам.доллартай харьцуулахад мэдэгдэхүйц өссөн байна.

“SouthGobi Resources” нь Хонконгийн хөрөнгийн биржид 1878 кодоор, Торонтогийн хөрөнгийн биржийн венчур сегментэд SGQ кодоор бүртгэлтэй. Тус компани Монголын Өмнөговь аймаг дахь “Овоот толгой” нүүрсний уурхайг эзэмшиж, ашигладаг бөгөөд коксжих болон эрчим хүчний нүүрсээ голчлон БНХАУ-ын зах зээлд нийлүүлдэг.

Нүүрсний борлуулалт, үйл ажиллагааны ашиг нь өссөн үзүүлэлттэй байгаа ч татварын нэмэлт төлбөр, өр төлбөрийн хэмжээ болон санхүүжилтийн хэрэгцээ нь “SouthGobi Resources”-ийн цаашдын үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай асуудал хэвээр байгааг компанийн тайлангууд харуулж буй юм.

С.МАНДАХ