Өнөөдөр авлигын гэх мөнгөн дүн тэрбумаас давж, их наядаар хэмжигдэх болсон нь гашуун үнэн бололтой. Тэрбумын хэрэг жижиг, их наядын дүнтэй хэрэг энгийн үзэгдэл мэт болсон дуулдана.
Арван жилийн өмнө авлигын мөнгөн дүн Монголд сая, тэрбум төгрөгөөр яригддаг байв. М.Энхболд, Ц.Сандуй нартай холбогдсон 60 тэрбумын асуудал тухайн үедээ нийгмийг цочроож, олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарьж байсан.
Гэвч авлигын хэмжээ өссөнөөс ч илүү аюултай зүйл бол нийгмийн бухимдал, үл итгэх байдал хэвийн үзэгдэл болж байгаа явдал. Иргэд төрд итгэхээ больж, төрийн мөнгө хаашаа урсаж, хэн хожиж, хэн хариуцлага хүлээх ёстойг асуусаар байна.
Энэ бухимдлыг дахин сэдрээсэн нэгэн асуудал бол нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын олон нийтэд хийсэн шууд дамжуулалт байв.
Тэрбээр У.Хүрэлсүхтэй олон жил хамт явсан гэх Ё.Хэрлэнцогийг танилцуулж, түүнийг “Бодь интернэшнл”-ийн 110 сая ам.долларыг тээвэрлэсэн гэх хоёр хүний нэг хэмээн иргэн А.Амундрагийн мэдүүлэгтэй холбон ярьсан. Мөн нөгөө хүнийг нь өмнө нь танилцуулсан, тээвэрлэгч Мөнхдөл гэж.
Түүнчлэн Х.Нямбаатар “Си Эйч Би Жи констракшн” компани 2020 оноос хойш Хэнтий аймгийн тендерүүдэд давамгай оролцож ирсэн гэх асуудлыг хөндөж, сүүлийн таван жилд 400 тэрбум төгрөгийн тендерт нөлөөлсөн байж болзошгүй гэж мэдэгдсэн юм
Эндээс олон нийтийн анхаарал татаж буй хоёр том асуулт урган гарч байна. Нэгдүгээрт, “Бодь”-ийн 110 сая ам.долларын асуудал яг юу болсон бэ? Хоёрдугаарт, төрийн тендерт тодорхой компаниуд давуу байдал эдэлсэн эсэх, үүнд улс төрийн болон албан тушаалтны нөлөө байсан уу?
Нээлттэй мэдээллийн сангуудад “Си Эйч Би Жи констракшн” компанийн Хэнтий аймагт хэрэгжүүлсэн болон оролцсон тендерийн мэдээлэл бий. Тухайлбал, 2020 онд Баянхутаг сумын цэцэрлэгийн өргөтгөлийн 632 сая төгрөгийн төсөлд тус компани шалгарч байжээ.
АТГ болон ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2026 оны арваннэгдүгээр сарын 9-нд мэдээлэл хийхдээ уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар мэдэгдсэн.
Одоогийн байдлаар 110 сая ам.долларыг бэлнээр гаргаж, авлигад тараасан гэх баримт тогтоогдоогүй бөгөөд урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт бий гэж мэдээлсэн.
Гэвч энэ нь олон нийтийн тавьж буй асуултыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин ч ийм хэмжээний улсын хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, санхүүжилтийн гэрээ, мөнгөн гүйлгээ, гүйцэтгэл, аудитын тайланг олон нийтэд ойлгомжтойгоор тайлбарлах шаардлагыг улам нэмэгдүүлж байна.


Төрийн тендер бол хэн нэгний хувийн өмч биш. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг нийтийн хөрөнгө. Тиймээс нэг компани олон удаа тендерт шалгарсан нь дангаараа авлигын нотолгоо биш ч тухайн шалгаруулалт шударга явагдсан эсэх, өрсөлдөөн бодитой байсан уу, гэрээний гүйцэтгэл чанартай байсан уу гэдгийг шалгах хангалттай үндэслэл мөн.
Хэрэв Х.Нямбаатарын дурдсан 400 тэрбум төгрөгийн мэдээлэл бодитой бол гэрээний жагсаалт, захиалагч байгууллага, шалгарсан огноо, санхүүжилтийн эх үүсвэр, гүйцэтгэл зэргийг нэг бүрчлэн ил болгох хэрэгтэй. Харин ташаа мэдээлэл бол холбогдох талууд нь баримтаар няцаах ёстой.
Эцсийн дүндээ иргэд хэн нэгний лайв, хэн нэгний мэдэгдэлд итгэхээс илүүтэй хууль хяналтын байгууллагын бодитой, баримтад суурилсан дүгнэлтэд итгэхийг хүсэж байна.
Авлигын эсрэг тэмцэл гэдэг улс төрийн өрсөлдөгчөө буруутгах, хэвлэлээр нэр зарлах төдий зүйл биш. Хэн мөнгө шилжүүлсэн, хэн шийдвэр гаргасан, хэн ашиг хүртсэн, хэн хууль зөрчсөн гэдгийг тогтоож, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцохыг хэлнэ.
Тэрбумын авлигыг жижиг гэж үздэг, их наядын асуудалд гайхахаа больдог нийгэмд хамгийн том хохирогч нь эцэстээ жирийн иргэд өөрсдөө байдаг.
Тиймээс Ё.Хэрлэнцог, Х.Нямбаатар, “Си Эйч Би Жи констракшн”, “Бодь интернэшнл” компанитай холбоотойгоор олон нийтийн дунд үүссэн асуултуудад холбогдох байгууллагууд баримттай хариулт өгөх цаг болжээ.
Төрийн мөнгөний мөрийг мөшгих нь улс төрийн аль нэг талын ажил биш. Энэ бол олон нийтийн эрх, төрийн байгууллагын үүрэг, хуулийн засаглалын үндсэн шаардлага юм.
С.МАНДАХ