Ши Жиньпин, Владимир Путин нар Хятад-Оросын дээд хэмжээний уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа бат бөх хэвээр байгааг онцлон тэмдэглэжээ. Тавдугаар сарын 20-ны лхагва гарагт Бээжинд Путинтэй уулзах үеэр Ши Жиньпин “Хоёр улс улс төрийн харилцан итгэлцэл, стратегийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлсэн” гэж мэдэгдэв.

Путин хоёр талын харилцаа дэлхийн тогтвортой байдалд хувь нэмэр оруулж байгааг онцлоод, Орос улс эрчим хүчний найдвартай нийлүүлэгч хэвээр байгааг тэмдэглэжээ. Тэрбээр мөн Ши Жиньпинийг 2027 онд Орост айлчлахыг урьжээ.

Путиныг Ардын Их Хурлын ордонд цэргийн хүндэт харуул, улаан хивстэйгээр угтан авсан байна. Энэхүү уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бээжинд айлчилсны дараахан болж буйгаараа онцлог юм. Украины дайны улмаас барууны хориг арга хэмжээнд орсон Оросын хувьд Хятад нь хамгийн чухал эдийн засгийн түнш хэвээр байна.

Эрчим хүч хамтын ажиллагааны гол сэдэв болов

Орос улс 2025 онд Хятадын хамгийн том эрчим хүч нийлүүлэгч хэвээр үлджээ. Тус улс Хятадад 101 сая тонн газрын тос, мөн 49 тэрбум шоо метр хоолойн болон шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлсэн байна.

Владимир Путины хэлснээр, Ойрхи Дорнод дахь хямрал үргэлжилж байгаа ч Орос улс эрчим хүчний нөөцийг найдвартай нийлүүлсээр байгаа бол Хятад улс хариуцлагатай худалдан авагч хэвээр байгаа аж. Москва эрчим хүчний түншлэлээ цаашид өргөжүүлэхийг зорьж буй бөгөөд үүнд Монголын нутгаар дайран өнгөрөх “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх асуудал багтжээ.

Путин мөн гаднын таагүй хүчин зүйлс байгаа хэдий ч хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр өсөлттэй хэвээр байгааг онцолсон байна. Түүний хэлснээр, сүүлийн 25 жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт 30 дахин өсөж, хэдэн жилийн турш 200 тэрбум ам.долларын түвшнээс тогтвортой давж буй юм байна. Тэргүүлэх чиглэлүүдэд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр болон өндөр технологийн салбарууд багтаж буй ажээ.

Оросын хийн үнийн асуудал анхаарлын төвд байна

Ши Жиньпинтэй уулзахаас өмнө Владимир Путин Хятадад нийлүүлэх хийн үнийг сүүлийн зургаан жилийн хамгийн доод түвшинд хүргэсэн байна. Reuters агентлагийн мэдээлснээр, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны 2029 он хүртэлх макро эдийн засгийн төсөөлөлд 2027 онд “Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх хийн үнэ 1000 шоо метр тутамд 223.9 ам.доллар байхаар тусгажээ.

Энэ нь 2021 оноос хойших хамгийн бага үнэ бөгөөд тухайн үед Хятад Оросын хийг 145 ам.доллароор худалдан авч байсан аж. Reuters-ийн мэдээлснээр, өмнөх төсөөлөлтэй харьцуулахад ирэх гурван жилийн хийн үнэ ойролцоогоор 7 хувиар буурсан байна.

Мөн Bloomberg агентлаг “Газпром”-д ойр эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, Оросын тал Хятадад хийн үнийн маш ашигтай санал тавьсан боловч Бээжин “Сибирийн хүч-2” төслийг урагшлуулахад бэлэн болохоо илэрхийлээгүй гэжээ. Хэлэлцээний ахиц бараг бүхэлдээ Ши Жиньпиний байр сууриас шалтгаалж байгаа бөгөөд одоогийн байдлаар тохиролцоонд амархан хүрэх шинж тэмдэг бага байгааг Bloomberg онцолсон байна.

Түүнчлэн Financial Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн хэлснээр, Хятад улс Оросын зах зээлийн үнэтэй ойролцоо түвшинд хий худалдан авахыг хүсэж буйнь өнөөгийн 1000 шоо метр тутамд төлж буй 258 ам.доллараас бараг тав дахин бага үнэ аж. Мөн Бээжин хийн хэрэглээ дээд цэгтээ хүрсэн байх магадлалтай гэж үзэж байгаа тул ийм урт хугацааны үүрэг хүлээх сонирхолгүй байгаа бололтой.

Бээжингийн байр суурь

Ши Жиньпин олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь “хүчтэй нь эрхтэй” гэх зарчим давамгайлах ертөнцийг бий болгох эрсдэлтэйг анхааруулжээ. Түүний хэлснээр, Ойрхи Дорнодод нэн даруй иж бүрэн гал зогсоох шаардлагатай бөгөөд мөргөлдөөнийг хурдан зохицуулснаар эрчим хүчний нийлүүлэлт болон нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг бууруулах боломжтой аж.

Мөн Ши Жиньпин Хятад улс Оростой байгуулсан “Сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-г сунгахыг дэмжиж бу бйөгөөд Москватай стратегийн уялдаа холбоогоо улам гүнзгийрүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.

В.Путин, Ши Жиньпин нар иж бүрэн түншлэлийг бэхжүүлэх тухай мэдэгдэлд гарын үсэг зурав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин нар хоёр талын хэлэлцээний үр дүнд иж бүрэн түншлэл, стратегийн харилцааг цаашид бэхжүүлэх, түүнчлэн сайн хөршийн найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. 

Хоёр талын баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Ардын их хурлын ордонд В.Путин, Ши Жиньпин нарын хэлэлцээ өндөрлөсний дараа болжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын өмнө нь мэдэгдсэнчлэн уг мэдэгдэл нь 47 хуудас бүхий томоохон бодлогын баримт бичиг аж. Хамтарсан мэдэгдэлд Орос, Хятадын олон талын харилцааг цогцоор нь хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлж, олон улсын тулгамдсан асуудлуудын талаарх хоёр улсын нийтлэг байр суурь, дэлхийн тавцан дахь Москва, Бээжингийн хамтын ажиллагааны гол хэлбэрүүдийг тусгасан байна.

Эх сурвалж: DW, TASS