Хятадын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар лхагва гарагт Бээжин хот дахь Ардын их хурлын танхимд хамтран хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа.
Ши Жиньпин "Энэ нь Ерөнхийлөгч Путины Хятадад хийж буй 25 дахь айлчлал бөгөөд Хятад-Оросын харилцаа ямар өндөр түвшинд, онцгой шинж чанартай болсныг бүрэн харуулж байна" гэж онцлов.
Тэрбээр "Сүүлийн 30 жилийн хугацаанд Хятад-Оросын харилцааны байр суурь тасралтгүй ахиж, “шинэ эрин үеийн иж бүрэн стратегийн түншлэлийн зохицуулалт”-ын түүхэн дээд түвшинд хүрсэн бөгөөд их гүрнүүдийн харилцааны шинэ хэлбэрийн жишгийг тогтоосон" гэж тэмдэглэлээ.
Мөн хоёр улс олон жилийн турш олон улсын шударга ёсыг хамгаалах, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд дэлхий дахинд сүүлийн зуун жилд тохиож буй гүн өөрчлөлтийн үед тогтвортой хүчин зүйл болж байна гэж хэлэв.
Ши Жиньпин улс төрийн харилцан итгэлийг илүү өндөр түвшинд бэхжүүлж, стратегийн харилцан дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриаллаа. Тэрбээр "Хоёр тал бие биенийхээ үндсэн ашиг сонирхол болон гол анхаарал хандуулж буй асуудлуудад тууштай дэмжлэг үзүүлж, бүх түвшний стратегийн харилцаа, солилцоог үргэлжлүүлэн бэхжүүлэх ёстой" гэж мэдэгдэв.
Хятадын дарга мөн Хятад, Орос хоёр харилцан ашигтай хамтын ажиллагаагаа илүү чанартай хөгжүүлж, тус тусын хөгжил, сэргэлтийг хамтран урагшлуулах шаардлагатайг онцоллоо.
Тэр "Талууд Хятадын 15 дахь таван жилийн төлөвлөгөө (2026–2030) болон Оросын 2030 он хүртэлх хөгжлийн стратегийн уялдаа холбоог гүнзгийрүүлж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ шатанд гаргах ёстой" гэж хэлэв.
Ши Жиньпин мөн "Ард иргэд хоорондын солилцоог илүү өндөр түвшинд хүргэж, хоёр ард түмний үе дамжсан найрамдлын суурийг бэхжүүлэх хэрэгтэй" гэж тэмдэглэлээ.
Тэрбээр “Хятад-Оросын Боловсролын жилүүд” санаачилгын хүрээнд хоёр тал оюутан солилцоог өргөжүүлж, их сургууль болон судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хэрэгтэй" гэж нэмж хэлэв.
Ши Жиньпин "Хятад, Орос улс олон улсын хамтын ажиллагаагаа илүү өндөр түвшинд хүргэж, дэлхийн засаглалыг шинэчлэх, боловсронгуй болгохын төлөө хамтран ажиллах ёстой" гэж онцлов.
Тэрбээр бүх төрлийн нэг талын дээрэнгүй үйлдэл болон түүхийн урсгалыг ухраах гэсэн оролдлогыг эсэргүүцэх ёстой гэж мэдэгдээд, ялангуяа Дэлхийн II дайны үр дүнг үгүйсгэх, фашизм болон милитаризмыг цайруулах, дахин сэргээх гэсэн өдөөн хатгалгыг буруушаав.
Путин "Орос-Хятадын харилцаа урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн бөгөөд хоёр улс харилцан хүндлэл, эрх тэгш туслалцаа, харилцан дэмжлэгийн үзэл санаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байна" гэв.
Мөн тэрбээр "Хоёр улсын хамтын ажиллагаа нь ямар нэгэн гуравдагч орны эсрэг чиглээгүй бөгөөд геополитикийн өөрчлөлтөөс хамаарахгүй" гэж онцоллоо.
Оросын удирдагч "Орос, Хятад хоёр олон улсын тавцанд нягт стратегийн зохицуулалтаа үргэлжлүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмуудыг хамгаалан, дэлхийн аюулгүй байдал болон тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө хамтран ажиллана" гэж нэмж хэлэв.
Эх сурвалж: XINHUA