Их Британийн засгийн газар гуравдагч орнуудад Оросын нефтиэр үйлдвэрлэсэн дизель түлш болон нисэхийн керосиныг импортлох лиценз олгосон тухайгаа тавдугаар сарын 19-нд мэдэгдэв. Энэхүү баримт бичиг нь одоо мөрдөж буй хориг арга хэмжээг тойрон Орос гаралтай нефтийн бүтээгдэхүүн импортлох боломжийг олгож буй юм байна.

Британийн засгийн газраас олгосон лиценз нь тавдугаар сарын 20-ноос хүчин төгөлдөр болно. Хугацаагүй боловч тодорхой хугацаанд тогтмол хянаж, дахин үнэлэх аж.

Reuters агентлагийн мэдээлснээр, Ирантай холбоотой дайны улмаас Их Британид түлшний үнэ өссөн нь амьжиргааны өртөг болон эрчим хүчний хүртээмжийн асуудлыг шийдэхийг зорьж буй засгийн газарт дарамт учруулжээ.

АНУ мөн Оросын нефтийн далайн тээврийн лицензийг сунгав

Британийн эрх баригчдын энэхүү шийдвэр АНУ-ын ижил төстэй алхмын дараа гарчээ. АНУ тавдугаар сарын 18-нд Орос гаралтай нефть болон нефтийн бүтээгдэхүүнийг хориг арга хэмжээг тойрон далайгаар тээвэрлэх, худалдах түр лицензийг сунгасан байна.

АНУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, энэ лиценз нь Ирантай холбоотой дайны улмаас нийлүүлэлт тасалдсанаас хамгийн их хохирол амссан эмзэг орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Мөн Их Британийн засгийн газар Оросоос шингэрүүлсэн байгалийн хий (LNG) далайгаар тээвэрлэх лицензийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгажээ.

Их Британи 2022 онд Орос Украинд бүрэн хэмжээний халдлага эхлүүлсний дараа Оросын нефть болон нүүрсний импортыг хориглосон. Харин 2025 оны аравдугаар сард Оросын “сүүдрийн флот”-ын эсрэг өргөн хүрээтэй хориг арга хэмжээний хүрээнд гуравдагч орнуудад Оросын нефтиэр үйлдвэрлэсэн нефтийн бүтээгдэхүүнийг импортлохыг мөн хориглож байсан юм.

Оросын нефтийн экспортын орлого 2022 оноос хойших дээд хэмжээнд хүрэв

Оросын нефтийн нийлүүлэлтийн хэмжээ өсөж, АНУ ба Израилийн Ирантай холбоотой мөргөлдөөний улмаас нефтийн үнэ нэмэгдсэн нь Москвагийн нефтийн экспортын орлогыг Украин дахь дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүргэснийг Bloomberg агентлаг мэдээлжээ.

Тавдугаар сарын 3 хүртэлх хугацаанд Оросын нефтийн нийлүүлэлтийн долоо хоногийн дундаж орлого 2.42 тэрбум ам.долларт (2.07 тэрбум евро) хүрсэн байна.

Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор Вашингтон Оросын нефть нийлүүлэх зарим зах зээлийг нээж, хориг арга хэмжээг сулруулжээ.

Эх сурвалж: DW