"Mango" загварын брэндийг үүсгэн байгуулагчийн хүү Жонатан Андикийг Барселон хотод эцгийнх нь нас барсан хэрэгтэй холбоотойгоор баривчилжээ. Каталонийн цагдаагийн газраас мягмар гарагт буюу тавдугаар сарын 19-нд мэдээлснээр, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг санаатай бус хүн амины хэрэгт сэжиглэн шалгаж байгаа аж.
Гэр бүлийн төлөөлөгчийн мэдээлснээр, Жонатан Андик мөрдөн байцаагчдад анхны мэдүүлгээ өгсөн байна. Олдсон мэдээллээр, тэрбээр Исак Андикийг хадан хясаанаас унаж байх үед түүнтэй хамт байсан цорын ганц хүн ажээ.
Исак Андик 2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд Барселона хотоос баруун хойд зүгт 40 км орчим зайд орших Монсеррат ууланд алхаж явах үедээ нас барсан байна. Тэр 71 настай байжээ.
Анх энэ явдлыг осол гэж үзсэн бөгөөд тэрбээр Колбато дахь Сальпетре агуй орчимд халтирч, ойролцоогоор 150 метрийн өндрөөс унасан гэж таамаглаж байсан аж. Гэвч мөрдөн шалгалтын явцад зарим эргэлзээ төрж, эрх баригчид хүүгийнх нь оролцоонд анхаарлаа төвлөрүүлж, түүний гар утасны мэдээллийг хүртэл шалгасан байна.
Мөрдөн шалгалтын дэлгэрэнгүй
Цагдаагийн байгууллага Жонатан Андикийн мэдүүлгүүдээс хэд хэдэн зөрчилтэй зүйл илрүүлжээ. Нас барсан бизнесмений хамтран амьдрагч, мэргэжлийн гольфчин Эстефаниа Кнут эцэг, хүү хоёрын харилцаа тааруу байсан талаар мөрдөн байцаагчдад мэдүүлсэн байна.
Сэжигтэн 44 настай Жонатан Андикийг тавдугаар сарын 19-нд шүүхийн шүүгчид шилжүүлэхээр болсон бөгөөд хэргийг Барселонагийн ойролцоох Марторел хотын 5-р мөрдөн байцаах шүүхийн харьяанд шалгаж буй юм байна. Шүүгч түүнийг урьдчилан хорих, эсвэл тодорхой нөхцөлтэйгээр суллах шийдвэр гаргах боломжтой аж.
Гэр бүлээс нь мөрдөн шалгалттай идэвхтэй хамтран ажиллаж байгаа ч хэрэг нууцлалтай явагдаж байгаа тул нэмэлт тайлбар өгөхөөс татгалзжээ.

Mango-ийн эзэнт гүрэн
Исак Андик 1984 онд Mango брэндийг үүсгэн байгуулсан. Үүнээс өмнө 1980-аад оны эхээр Барселона болон Мадрид хотод “Isak Jeans” нэртэй дэлгүүрүүд ажиллуулж байжээ. Тэрээр 1953 онд Истанбул хотод төрсөн, 1969 онд гэр бүлийн хамт Испани руу нүүжээ. 17 наснаасаа зах дээр хувцас, гутал зарж эхэлсэн байна.
Исак Андикийн хөрөнгө ойролцоогоор 4.5 тэрбум еврогоор үнэлэгддэг байсан бөгөөд тэрээр Испанийн хамгийн баян хүмүүсийн нэг, мөн Amancio Ortega-ийн гол өрсөлдөгчид тооцогддог байжээ. 2025 оны байдлаар Mango 3.7 тэрбум еврогоос давсан орлого олж, өмнөх оноос 13 хувиар өссөн байна.
Компанийн сүлжээ дэлхийн 120 гаруй улсад 2900 орчим дэлгүүртэй, 18,000 гаруй ажилтантай бөгөөд орлогын 80 орчим хувь нь Испаниас гаднах зах зээлээс бүрддэг аж.
Исак Андикийн хоёр охин болох Жудит, Сара нар мөн компанид ажилладаг, түүний хүү Жонатан Андик эцгээ нас барсны дараа дэд ерөнхийлөгчөөр томилогджээ.
Эх сурвалж: DW