Германы Батлан хамгаалахын сайд Борис Писториус "ХБНГУ болон Украин улсууд янз бүрийн тусгалын хүрээтэй, 100 км-ээс бага зайнаас эхлээд 1500 км хүртэлх зайд нисэх чадвартай нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийн (дрон) үйлдвэрлэлийг өргөжүүлэхээр хамтран ажиллаж байна" гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ тухай тавдугаар сарын 11-ний даваа гарагт Киев хотод Украины Шадар сайд Михайло Фёдоровтой хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн бөгөөд энэ нь Украинд хийсэн түүний ажлын айлчлалын нэг хэсэг байжээ.
Interfax-Ukraine агентлагийн мэдээлснээр, уг хамтын ажиллагаа нь одоо хэрэгжиж буй төслүүдийг өргөжүүлэх, мөн хоёр улсын хамтарсан үйлдвэр байгуулах зорилготой аж.
Алсын тусгалтай дронуудад төвлөрч байна
Борис Писториусийн хэлснээр, ХБНГУ цаашид ч нисгэгчгүй нисэх системүүдийн хөгжлийг дэмжих аж. Тэрбээр ялангуяа алсын тусгалтай дронууд онцгой ач холбогдолтойг онцолжээ. Ийм системийг олноор ашиглах үед дайсны агаарын довтолгооноос хамгаалах системийг “ачаалалд оруулж” сулруулах боломжтой.
Энэ нь орчин үеийн байлдааны ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тайлбарласан байна. Мөн эдгээр хөгжүүлэлт нь НАТО-гийн түнш орнуудтай уялдаатайгаар хийгдэж буйг онцолжээ.
Украины армийг үргэлжлүүлэн сургана
Германы Батлан хамгаалахын сайд мөн Украины Зэвсэгт хүчний бэлтгэл сургалтыг үргэлжлүүлэхээ амалсан байна. Түүний хэлснээр, өнөөг хүртэл ХБНГУ ойролцоогоор 27 мянган украин цэргийг сургаж бэлтгэсэн, энэхүү ажиллагааг цаашид ч, тэр дундаа боломжит гал зогсоолтын дараа ч үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Тэр үүнийг Европын аюулгүй байдлын боломжит баталгааны нэг чухал хэсэг гэж тодорхойлсон байна.
Brave1 платформд нэгдэх төлөв
Борис Писториус мөн ХБНГУ Украины “Brave1” платформд нэгдэхээр төлөвлөж байгааг баталжээ. “Brave Germany” хэмээх төслийн хүрээнд Берлин болон Киев хиймэл оюун ухаан бүхий зэвсгийн систем, алсын цохилтын чадавх, дэвшилтэт хамгаалалтын технологи зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна
ХБНГУ болон Украин улсууд дөрөвдүгээр сарын дундуур болсон засгийн газар хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.
Борис Писториусийн яамнаас мэдээлснээр, энэ тохиролцоонд дунд болон алсын тусгалтай дрон хамтран үйлдвэрлэх, Украинд хэдэн зуун сая еврогийн хөрөнгө оруулалт хийх, байлдааны талбарын мэдээлэл солилцох зэрэг багтаж байгаа ажээ.
Эх сурвалж: DW