УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр (2026.11.03)-ийн хуралдаанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарч буй системийн зөрчил болон хүний эрхийн баталгааг хангах тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэтрүүлэг, хүний эрхийн зөрчил болон парламентын шийдвэрийн биелэлтийн талаар холбогдох албаныхнаас хариуцлага нэхэж, хатуу шүүмжлэлүүдийг өрнүүлсэн юм.

Тэрбээр “Хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудлууд ар араасаа гарсаар байна. Цагдан хорих арга хэмжээг хуулийн үндэслэл, шалгуурт нийцүүлэн хязгаарлах, шийдвэрээ тодорхой болгох талаар УИХ-аас тусгай тогтоол гаргасан. Гэвч энэ ажил хэрхэн хэрэгжиж байна вэ?

Бид Байнгын хорооны түвшинд шинжээч томилж, есөн заалттай тогтоол гаргасан ч өнөөдөр нэг нь ч хэрэгжээгүй байна. Ирүүлсэн хариуг нь харахаар дандаа ‘судалж байна’, ‘ярилцаж байна’ гэсэн зүйл л байх юм. Засгийн газар ер нь ингэж ажил хийдэг юм уу” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Мөн тэрбээр хүний эрхийн зөрчлийн бэлээхэн жишээг дурдаж, “Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга олон нийтэд мэдээлэл хийсний орой нь нэг сэтгүүлчийг баривчлан хорьсон байна.

Тухайн сэтгүүлчийн гар утсыг 20 гаруй хоног хураагаад буцааж өгөөгүй гэсэн. Сэтгүүлч хүн гар утасгүйгээр ажлаа яаж хийх вэ? Та бүхэн ийм увайгүй асуудлыг мэдэж байгаа юу” хэмээн асуув. Үүнээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байсаар атал шүүх сэтгэл санааны хохирол гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тавьсан асуултад ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, хурандаа Н.Мишигдорж тайлбар өгөв.

Тэрбээр "Цагдаагийн байгууллага ирсэн гомдол, мэдээллийг хуулийн дагуу шалгадаг болохыг тодотгоод, дурдагдсан сэтгүүлчийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрлийн дагуу бие, гэр, тээврийн хэрэгсэл болон гар утсанд нь үзлэг, нэгжлэг хийсэн" гэлээ.

Хурандаа Н.Мишигдорж “Тухайн иргэний гар утаснаас гэмт хэргийн ул мөр илэрсэн тул хуулийн дагуу эд мөрийн баримтаар тооцон хураан авсан. Иймээс гар утсыг нь одоогоор буцаан олгох хууль эрх зүйн боломжгүй” хэмээн хариулав.