Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Instagram-ын Madina-dina08 нэртэй хаягтай эмэгтэйн оролцсон гэх бичлэг тарж, олон нийтийн анхаарлыг татаад байна. Уг бичлэгт эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай харагдах бөгөөд хамт байгаа эрэгтэйтэйгээ харилцан ярилцах үеэрээ 10 сая төгрөгийн талаар дурджээ.
Тодруулбал, эмэгтэй бичлэгт “Миний хамт байгаа хүн бол саяхан төмөр замын нээлтээ хийсэн компанийн дарга. Надад 10 сая төгрөг өгсөн” хэмээн ярьж байгаа бол хамт буй эрэгтэй нь “Миний хөөрхөн өө, энийг уучих. Дансанд чинь 10 сая төгрөг хийчихсэн байна. Болоо шүү дээ” гэх агуулгатай үг хэлж буй нь бичлэгт үлджээ.
Дөрвөн минут гаруй үргэлжлэх уг бичлэгт ёс зүйд нийцэхгүй үг хэллэг, үйлдлүүд гарахаас гадна 10 сая төгрөгийн асуудал хөндөгдөж буй нь анхаарал татаж байгаа билээ. Хамгийн гол нь, эмэгтэйн ярьж буйгаар хамт байгаа хүн нь саяхан нээлтээ хийсэн төмөр замын төслийг хариуцсан компанийн удирдах албан тушаалтан аж.
Энэ мэдээллийг цаг хугацаатай нь холбон үзвэл, өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр “Монголын төмөр зам” ТӨХК Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулсан байдаг.
Үүнтэй холбоотойгоор цахим орчин болон зарим эх сурвалжид уг бичлэгт гарч буй эрэгтэйг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан М.Онон байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Гэхдээ тухайн хүний хэн болох, бичлэгт дурдагдсан 10 сая төгрөгийн эх үүсвэр, зориулалт болон уг мөнгө компанийн хөрөнгө мөн эсэх нь одоогоор албан ёсоор тогтоогдоогүй байна.
Төрийн өмчит компанийн хөрөнгө, санхүүжилттэй холбоотой аливаа зөрчил гарсан тохиолдолд хуульд заасан журмын дагуу шалгаж, буруутай этгээдэд хариуцлага тооцохын зэрэгцээ учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ёстой.
Үүнтэй холбогдуулан "Монголын төмөр зам "ТӨХК-иас мэдэгдэл гаргажээ.
