Даваа гарагийн өглөө Азийн зах зээл дээр газрын тосны үнэ 1 хувиас дээш хэмжээгээр буурчээ. Үүнд АНУ, Израилийн Ираны эсрэг явуулж буй дайныг зогсоох дипломат хүчин чармайлтад ахиц гарч магадгүй гэсэн хүлээлт нөлөөлжээ.

Ираны болон Катарын албаны хүмүүс Катарт гурав дахь өдрөө дараалан уулзаж, найман сар үргэлжилж буй дайныг зогсоох боломжит тохиролцооны талаар хэлэлцсэн байна. Катар зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хэлэлцээ нь Вашингтонтой тогтоосон тогтмол харилцаа холбооны хүрээнд өрнөж буй аж. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, GMT-ийн 23:03 цагийн байдлаар “Brent” маркийн газрын тосны фьючерс баррель нь 1.51 ам.доллар буюу 1.33 хувиар буурч, 111.92 ам.долларт хүрчээ. Харин АНУ-ын “West Texas Intermediate” (WTI) маркийн газрын тосны үнэ 1.78 ам.доллар буюу 1.71 хувиар буурч, баррель нь 102.34 ам.доллар болсон байна. 

Хэлэлцээний гол асуудал - Ормузын хоолойг нээх

Хэлэлцээний анхаарал татаж буй асуудлын нэг нь дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн стратегийн чухал гарц болох Ормузын хоолойн хөдөлгөөнийг сэргээх явдал юм. Ираны тал тохиролцоонд хүрвэл уг хоолойг хоёр хоногийн дотор нээх боломжтой гэсэн санал дэвшүүлсэн талаар мэдээлжээ. Гэхдээ энэ нь одоогийн байдлаар эцэслэн батлагдаагүй байгаа юм. 

Газрын тосны үнэ буурсан нь зах зээлд дипломат шийдэлд хүрэх найдвар нэмэгдсэнийг илтгэж буй ч нийлүүлэлтийн эрсдэл арилаагүй байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Ойрхи Дорнодын мөргөлдөөн хурцдах болгоомжлолын улмаас “Brent” газрын тосны үнэ 2.4 хувиар өсөж, баррель нь 117.64 ам.долларт хүрчээ. 

Иймээс хэлэлцээний үр дүн, Ормузын хоолойн тээвэрлэлтийн нөхцөл болон бүс нутгийн аюулгүй байдлын байдал цаашид газрын тосны үнийн хөдөлгөөнд голлон нөлөөлөх төлөвтэй аж. Өөрөөр хэлбэл, үнэ бага зэрэг буурсныг газрын тосны зах зээл тогтворжсоны шинж гэж үзэхэд эрт юм.

Эх сурвалж: REUTERS