Ираны нөлөө бүхий Кхаррази овгийн элит гэр бүлийн хоёр ах дүү (Али, Мохаммад) 2018 онд өөр овгийн нэр ашиглан “Nobitex” нэртэй крипто бирж байгуулжээ. Энэ платформ нь Ираны хамгийн том крипто бирж болж, барууны хориг арга хэмжээнээс тойрон гарах “санхүүгийн параллель систем”-ийн гол төв болсон байна.
Судалгаагаар, Nobitex нь Ираны Төв банк болон Исламын Хувьсгалт Хамгаалагчдын Корпус (IRGC)-тай холбоотой хэдэн арван саяас хэдэн зуун сая ам.долларын гүйлгээг дамжуулсан байж болзошгүй гэж Reuters мэдээлжээ. Мөн жирийн иргэд ч крипто худалдаа хийхэд ашигладаг байна.
Энэ бирж одоогоор 11 сая хэрэглэгчтэй гэж мэдэгддэг бөгөөд Ираны олон иргэн барууны банкны системээс тусгаарлагдсан, инфляц өндөр нөхцөлд крипто ашиглаж хадгаламж, гүйлгээ хийдэг байна.
Сонирхолтой нь, компанийн үүсгэн байгуулагч ах дүүс нь Ираны дээд удирдагчидтай холбоотой, улс төрийн нөлөө бүхий Кхаррази овгийн хүмүүс боловч тэд өөр овгийн нэр (Aghamir) ашиглан, өөрсдийн гарал үүслийг нууцалсаар иржээ.
Nobitex нь олон улсын хоригтой хэдий ч АНУ болон барууны орнуудаас шууд хоригт ороогүй хэвээр байгаа аж. Шинжээчид “Энэ нь системийн дотор хууль ёсны хэрэглэгчдийн их урсгалтай холбоотой тул “хууль бус” мөнгийг ялгаж тогтооход төвөгтэй” гэж үзжээ.
Ах, дүү хоёрын компани төрийн байгууллагатай албан ёсны холбоогүй гэж мэдэгддэг ч шинжээчид болон ажиллаж байсан хүмүүсийн хэлснээр IRGC болон бусад хоригт байгууллагууд платформоор дамжуулан санхүүгийн гүйлгээ хийж байсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Nobitex нь Ираны крипто зах зээлийн ойролцоогоор 70 хувийг эзэлдэг бөгөөд олон улсын санхүүгийн системээс тусгаарлагдсан Ираны хувьд гол гарцын нэг болсон байна.
Судлаачдын тооцоогоор, платформоор дамжин хэдэн зуун сая ам.долларын сэжигтэй гүйлгээ хийгдсэн байж болзошгүй ч нийт гүйлгээтэй харьцуулахад бага хувь эзэлдэг гэж компани тайлбарлажээ.
Эх сурвалж: REUTERS