Ши Жиньпиний “давхар дипломат тоглолт”: Трампын айлчлалын дараахан Путин Бээжинд очно
Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Бээжинд ёслол төгөлдөр хүлээн авснаас ердөө долоо хүрэхгүй хоногийн дараа Хятад дахин нэг өндөр дээд хэмжээний зочин угтах гэж байна. Энэ удаа Бээжингийн хүндэт зочин Хятадын хамгийн ойрын стратегийн түншүүдийн нэг болох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин юм.
Путин мягмар гарагт Бээжинд төрийн айлчлал хийхээр төлөвлөсөн. Энэхүү уулзалт нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал огцом өөрчлөгдөж буй энэ үед Бээжин, Москва хоёрын нягт хамтын ажиллагааг олон улсад харуулах зорилготой гэж ажиглагчид үзэж байна.
Трампын дараах шинэ тэнцвэр
Өнөөдөр Хятад, Орос хоёр хоёулаа Трампын удирдаж буй АНУ-тай харилцаагаа шинээр тодорхойлох шаардлагатай нүүр тулж буй. Үүний зэрэгцээ Иран-АНУ-ын хурцадмал мөргөлдөөн дэлхийн нефтийн нийлүүлэлтэд нөлөөлж, Вашингтоны анхаарлыг Украины дайнаас тодорхой хэмжээнд сарниулж эхэлжээ.
Ийм нөхцөлд Ши Жиньпин ердөө хэдхэн хоногийн дотор өөр өөр мөргөлдөөнд оролцож буй дэлхийн хоёр том удирдагчийг дараалан хүлээн авч байгаа нь Бээжингийн хувьд санамсаргүй давхцал биш гэж шинжээчид тайлбарлаж байна.
Ялангуяа Хятад улс Ираны асуудлаар АНУ хүч хэрэглэж буйтай холбоотойгоор өөрийгөө “хариуцлагатай дэлхийн тоглогч”, АНУ-аас өөр хувилбар бүхий шинэ хүчний төв хэмээн сурталчлахыг эрмэлзэж байгаа аж.
Хятад-Оросын харилцаа “урьд өмнө байгаагүй түвшинд” хүрэв
Энэ удаагийн айлчлал нь Путин Ерөнхийлөгч болсноосоо хойш Хятадад хийж буй 25 дахь айлчлал юм. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Бээжин, Москва хоёр худалдаа, эрчим хүч, батлан хамгаалах, дипломат бодлогын хамтын ажиллагаагаа эрчимтэй гүнзгийрүүлжээ.
Хоёр улсын ойртолтын гол шалтгаан Вашингтонд үл итгэх нийтлэг байр суурь, мөн Ши Жиньпин, Владимир Путин нарын хувийн ойр харилцаа гэж олон улсын ажиглагчид үздэг. Хоёр удирдагч уулзах бүрдээ бие биенээ “эртний анд”, “эрхэм найз” хэмээн нэрлэдэг бөгөөд тэд 40 гаруй удаа уулзсан байна.
Путин айлчлалынхаа өмнө нийтэлсэн мэдэгдэлдээ “Орос-Хятадын харилцаа үнэхээр урьд өмнө байгаагүй түвшинд хүрсэн” хэмээн онцолжээ. Тэрбээр хоёр улс тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, төрийн нэгдмэл байдлыг хамгаалах асуудалд харилцан дэмждэг гэж мэдэгдсэн байна.
Хятадын төрийн хэвлэлүүд энэ уулзалтыг “олон улсын тогтворгүй нөхцөл дэх ганхашгүй түншлэл” хэмээн тодорхойлжээ.
Бээжин - дэлхийн дипломат төв үү?
Хятадын төрийн дэмжлэгтэй Global Times сонин Трамп, Путин нарын бараг зэрэг шахам айлчлалыг “Хятад дэлхийн дипломат харилцааны шинэ төв болж буйн илрэл” гэж тайлбарласан байна.
Ши, Путин нарын уулзалтаар Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн, эрчим хүч, худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, дэлхийн шинэ дэг журам зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн Кремлийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр хоёр тал “Олон туйлт дэлхий байгуулах”, “Олон улсын харилцааны шинэ хэлбэр”-ийн тухай хамтарсан тунхаглал гаргахаар бэлтгэж байгаа аж.
Москва Бээжингээс улам их хамаарах болов
Украины дайнд Оросын арми сүүлийн үед тодорхой хэмжээний хохирол амсаж буй энэ үед Путинд Хятадын дэмжлэг улам чухал болж эхэлжээ. Барууны хориг арга хэмжээ эхэлснээс хойш Хятад Оросын нефтийн хамгийн том худалдан авагч болсон, Москвагийн эрчим хүчний гол зах зээл болж хувирсан, мөн хоёр талын худалдаа эрчимтэй өссөн байна.
Үүнээс гадна Хятадаас нийлүүлж буй зарим “хоёр зориулалттай бүтээгдэхүүнүүд” буюу иргэний болон цэргийн аль алинд ашиглаж болох тоног төхөөрөмжүүд Оросын дайны хүчин чадалд чухал нөлөө үзүүлж буй талаар барууны орнууд удаа дараа анхааруулсаар ирсэн.
Ираны асуудал уулзалтын гол сэдэв болно
Ойрхи Дорнод дахь нөхцөл байдал, ялангуяа Ирантай холбоотой хурцадмал байдал энэ удаагийн уулзалтын хамгийн чухал сэдвүүдийн нэг байх төлөвтэй байна. АНУ Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлэх, мөн Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангах асуудлаар Хятадтай тодорхой ойлголцолд хүрэхийг эрмэлзэж байгаа талаар Цагаан ордон мэдэгдсэн.
Харин Бээжин, Москва хоёр сүүлийн жилүүдэд Тегераны гол түншүүдийн нэг болж, АНУ-ын хориг арга хэмжээний эсрэг Ираныг хамгаалж ирсэн. Тухайлбал, Хятад Ираны газрын тосны хамгийн том худалдан авагч, Орос Иранд тагнуулын мэдээлэл дамжуулсан тухай мэдээлэл гарсан, мөн Хятад Иранд зэвсэг нийлүүлэхээр бэлтгэж байсан гэх мэдээллийг CNN онцолсон ч Бээжин үүнийг үгүйсгэжээ.
Энхийн зуучлагч болох сонирхол бий юу?
Иран өмнө нь Хятад, Оросыг аюулгүй байдлын батлан даагч, зуучлагчийн үүрэг гүйцэтгэх боломжтой талаар дурдсан байдаг. Хэрэв Бээжин, Москва хоёр Иран-АНУ-ын мөргөлдөөнийг намжаахад оролцож чадвал энэ нь Вашингтонтой харилцах шинэ боломж авчирч мэднэ гэж шинжээчид үзэж байна.
Гэвч Ши Жиньпин, Владимир Путин нар өөрсдийн стратегийн ашиг сонирхол, түншлэл, дэлхийн нөлөөллийн өрсөлдөөнөө хамгаалан, маш болгоомжтой алхам хийх нь тодорхой ажээ.
Эх сурвалж: CNN