Германы канцлер Фридрих Мерц Оросыг Украины эсрэг дайныг дуусгах сонирхолгүй байна хэмээн буруутгаж, хэлэлцээ хийх тухай санал бүрийн хариуд цэргийн дайралтаа улам эрчимжүүлж байна гэж мэдэгджээ.

Тэрбээр тавдугаар сарын 18-нд Берлин хотноо Болгарын шинэ Ерөнхий сайд Румен Радевтай хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр “Москва хэлэлцээ хийх шаардлагатайг ойлгох ёстой” хэмээн онцолсон байна.

Мерц "Европ тив энхийн яриа хэлэлцээнд оролцоход бэлэн. Европ Украин, Орос болон АНУ-тай нэг ширээний ард суухад бэлэн байна” гэжээ. Гэвч тэрбээр бодит хэлэлцээ эхлэхийн өмнө хамгийн түрүүнд байлдааны ажиллагааг зогсоох шаардлагатайг онцлоод, “Юуны өмнө гал зогсох ёстой. Мөн Орос улс хэлэлцээ хийхэд бэлэн байх хэрэгтэй” гэсэн байна.

Түүний хэлснээр, өнөөг хүртэл Москва энхийн хэлэлцээний санал болгонд пуужингийн болон артиллерийн илүү хүчтэй цохилтоор хариу үзүүлж байгаа аж. Тэр дундаа иргэний дэд бүтэц рүү чиглэсэн халдлагууд нэмэгдэж буйг дурдсан байна.

Германы Засгийн газрын тэргүүн “Энэ бүхэн зогсох ёстой. Хэлэлцээ бодитоор явагдах үндсэн нөхцөл нь энэ” хэмээн мэдэгджээ.

Европ энхийн гарц хайж байна

Канцлер Мерцийн мэдээлснээр, Европын орнууд Украины дайныг зогсоох боломжит гарцын талаар идэвхтэй, эрчимтэй хэлэлцээ хийж байгаа аж. Тэрбээр “Бид Европын түншүүдтэйгээ энхийн зохицуулалтын хамтын гарцын талаар удаан хугацаанд маш идэвхтэй яриа хэлэлцээ өрнүүлж байна” гэжээ.

Мөн энэ үйл явцад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг татан оролцуулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Европын Холбооноос Оростой хийх боломжит хэлэлцээнд хэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх талаар асуухад Мерц тодорхой нэр дурдахаас татгалзжээ. Тэрбээр “Нээлттэй таамаг, улс төрийн хийрхлийг нэмэгдүүлэхийг хүсэхгүй байна” гэж хариулсан байна.

Эх сурвалж: DW