Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ШУУРГА ИРЖ БОЛЗОШГҮЙГ МЭДСЭЭР БАЙЖ БАЙШИНГИЙНХАА ДЭЭВРИЙГ ЗАСАХЫН ОРОНД ӨР ТАВЬЖ, ДАВХАР НЭМЖ БАРЬЖ БАЙНА-

-ОУВС болон Дэлхийн банк ирэх жилүүдэд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурч, манай өсөлт саарна гэж сануулсаар байна. Гэтэл манай Засгийн газар 2027 оны төсвийн орлогыг түүхэндээ байгаагүй өөдрөгөөр буюу 41.3 их наядаар төсөөллөө. 'Хэрэв нүүрсний экспорт ердөө 10-хан хувиар унахад л бид шууд ОУВС-гийн хөтөлбөр рүү шидэгдэнэ' гэж та анхааруулсан. Бид яг одоо дэлхийн эдийн засгийн 'шуурга'-ны өмнөх нам гүм үед хуурамч өсөлтөөр амьсгалж байна уу? Бодит эрсдэл хаалганы цаана яг ямар хэмжээтэй ирчихээд байна вэ?

-Миний хувьд бүр илүү ноцтой зүйл харж байна. Бид шуурга ирж болзошгүйг мэдсээр байж байшингийнхаа дээврийг засахын оронд өр тавьж, давхар нэмж барьж байна. Эдийн засгийн өсөлт байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэр өсөлт хэр бат бөх суурьтай вэ гэдэг огт өөр асуудал.

Нүүрсний экспорт нэмэгдэж, зэсийн үнэ өсөж, уул уурхайн орлогоор төсөв тэлж байгааг эдийн засгийн бүтцийн хөгжил гэж ойлгож болохгүй. Энэ бол гадаад зах зээлийн таатай нөхцөлөөс хамаарсан, маш эмзэг өсөлт. Манай эрх баригчдын хамгийн том алдаа бол түр зуурын өндөр орлогыг байнгын орлого мэт төсөөлж, түүнийгээ дагуулан төрийн байнгын зардлыг өсгөж байгаа явдал.

Нэг ноцтой баримт хэлье. 2027 оны төсвийн орлогыг ердөө хэдхэн сарын өмнө 34.7 их наяд төгрөгөөр тооцож байсан. Гэтэл Засгийн газар энэ тоогоо гэнэт 41.3 их наяд болгож, 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн. Гуравхан сарын дотор Монголын эдийн засагт ямар гайхамшиг тохиолдсон юм бэ? Үйлдвэрлэл 19 хувиар нэмэгдсэн үү? Экспортын шинэ зах зээл нээгдсэн үү? Эдийн засгийн бүтцэд хувьсгал гарсан уу?

-Үгүй...

-Тийм, үгүй шүү дээ. Одоо гадаад орчныг харъя. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлт хэврэг, эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Дэлхийн банкны төсөөллөөр, 2027 онд нүүрс, зэс зэрэг манай экспортын гол түүхий эдийн үнэ буурах эрсдэлтэй. Хятадын эдийн засгийн өсөлт ч саарах төлөв байгаа. Гэтэл манай Засгийн газар 2027 онд 100 сая тонн нүүрс экспортлохоор тооцжээ.

Бид дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийг тогтоодог улс биш. Хятадын гангийн үйлдвэрүүдийг хэдэн тонн нүүрс худалдаж авахыг захирдаг улс бүр ч биш. Өөрөөсөө хамаардаггүй зах зээлийн эрэлт, үнэд улсынхаа төсөв, өрийн төлбөр, цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалтыг бүхэлд нь барьцаалж болохгүй.

-БАЯЛГИЙН ЭЗЭН НЬ МОНГОЛ УЛС АТЛАА ӨГӨӨЖИЙНХӨӨ НӨХЦӨЛИЙГ БУСДААР ТОДОРХОЙЛУУЛДАГ БАЙЖ ТААРАХГҮЙ!-

-Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эрчимжсэнээр эдийн засгийг тэтгэж байгаа гэх боловч хөшигний ард Канад улсын 'Онтре Гоулд' (Entrée Gold) компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой асуудал маш хурцаар яригддаг. Засгийн газраас Оюутолгойн 34 хувийг эзэмшдэг ч энэхүү 'Онтре'-гийн эзэмшлийн бүсэд Рио Тинто давуу эрхтэй явж ирсэн. Энэ талбайгаас олборлох алт, зэсийн баяжмалаас Монгол Улс хоосон хоцрох уу? Гэрээг яаралтай шинэчлэх хууль эрх зүйн ямар гарц байна вэ? Эдийн засагчийн хувьд та энэ хуваарилалтын талаар юу хэлэх  вэ?

-Оюу толгойн 34 хувийг эзэмшдэг гэдэг нь бүх ордын баялгийн 34 хувийн өгөөжийг Монгол Улс хүртэнэ гэсэн үг биш. “Онтрэ”-гийн тусгай зөвшөөрлийн талбайд энэ хувь бодитоор буурах нөхцөл бий. Гэхдээ Монгол Улс хоосон хоцорно гэсэн үг биш. Гол асуудал нь баялгаасаа хүртэх өгөөжийг ямар нөхцөлөөр баталгаажуулах вэ гэдэгт байна.

Хууль эрх зүйн гарц бий. Стратегийн орд дахь төрийн оролцоог Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд шийдвэрлэж, хувь эзэмших, эсвэл борлуулалтын орлогоос тусгай төлбөр авах хувилбарыг эдийн засгийн тооцоогоор харьцуулах ёстой.

Миний байр суурь тодорхой. Монголын баялгийн олборлолт нэмэгдэх тусам Монголд үлдэх бодит өгөөж өсөх ёстой. Гэрээг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ яарч байгаад ирээдүйн хэдэн арван жилийн өгөөжөө алдаж болохгүй. Баялгийн эзэн нь Монгол Улс атлаа өгөөжийнхөө нөхцөлийг бусдаар тодорхойлуулдаг байж таарахгүй!

-Монголын тал Оюутолгойн 34 хувийн ногдол ашгаа хэзээ авах вэ гэдэг асуулт бараг 15 жил яригдлаа. Рио Тинто өмнөх 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэсэн ч, гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр байгаа тул бидний ногдол ашиг авах хугацаа дахиад л хойшлох вий гэх хардлага эдийн засагчдын дунд байна. Одоо гүний уурхайн олборлолт эрчимжиж, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өндөр байгаа энэ алтан үед ногдол ашгийг наашлуулах санхүүгийн ямар тактик Монголын талд байна вэ? Эсвэл бид ногдол ашиг хүлээж цаг алдалгүй, зөвхөн АМНАТ, татвараа аваад л гол зогоосоор дуусах уу?

-2.3 тэрбум ам.долларын өр тэглэсэн нь чухал шийдвэр. Гэхдээ өр тэглэсэн гэдэг нь маргааш ногдол ашиг авна гэсэн үг биш. Оюу толгойн ногдол ашгийн гол асуудал бол зэс хэдээр зарагдаж байгаагаас гадна олборлолтын орлогоос хэдий хэмжээний зардал хасагдаж, эцэст нь хэдэн төгрөгийн ашиг үлдэж байна вэ гэдэгт оршино.

Энгийнээр хэлбэл, орлого нэмэгдсэн ч зардал түүнээс хурдан өсвөл хуваарилах ашиг гарахгүй. Гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх бүрд Монголын талын ногдол ашиг авах хугацаа хойшлох эрсдэл эндээс үүсдэг.

Тиймээс гурван асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Нэгдүгээрт, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардалд олон улсын хараат бус аудит хийх. Хоёрдугаарт, зээлийн хүү, санхүүжилтийн нөхцөл, өр төлбөрийн дарааллыг дахин хэлэлцэх. Гуравдугаарт, компанийн санхүүгийн чадавх, гэрээний үүрэгтэй нийцүүлэн чөлөөт мөнгөн урсгалаас ногдол ашиг хуваарилах боломжийг тодорхой болгох.

АМНАТ, татвараа авах нь мэдээж зөв. Гэхдээ түүнийг ногдол ашгийн оронд тооцож болохгүй. АМНАТ бол баялаг ашигласны төлбөр, ногдол ашиг бол хувьцаа эзэмшигчийн хүртэх өгөөж. Бид Оюутолгойгоос хэдэн тонн зэс гарсныг өдөр бүр тоолж байна.

Одоо Монголын талд хэдий хэмжээний цэвэр өгөөж үлдэхийг түүнээс дутахгүй нарийн тооцдог болох хэрэгтэй. 34 хувийн хувьцаа эзэмшинэ гэдэг зөвхөн компанийн нэр дээр бүртгэлтэй байхыг хэлэхгүй. Тэр хувьцааны эдийн засгийн үнэ цэнийг бодитоор хүртэхийг хэлнэ.

-МОНГОЛБАНКНЫ 6.9 ИХ НАЯДЫН АЛДАГДАЛ БОЛ ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ОЛОН ЖИЛИЙН ЗӨРЧЛИЙН ҮР ДАГАВАР-

-“Монголбанк инфляцыг хазаарлах нэрээр бодлогын хүүгээ 12.5 хувьд барьж, банкуудаас мөнгө сорсноор Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 14 их наядыг давчихлаа. Энэ нь нэг талаас хувийн хэвшлийн зээлийг боомилж байгаа бол нөгөө талаас Монголбанкинд өөрт нь 6.9 их наядын асар том алдагдал, хүүгийн өрийн дарамтыг үүсгэчихээд байна” гэсэн шүүмжлэл гарч байна. Төсвийн бодлого нь мөнгө цацдаг, Мөнгөний бодлого нь хэт хавчиж өр үйлдвэрлэдэг энэ тогтолцоо Төв банкийг дампуурал руу хөтөлж байгаа юм биш үү? Үүний эцсийн горыг ирээдүйд татвар төлөгчид л амсах уу?

-Монголбанкны 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдлыг зөвхөн бодлогын хүүтэй холбож тайлбарлах нь маш өрөөсгөл. Энэ бол төсөв, мөнгөний бодлогын олон жилийн зөрчил, улс төрийн шийдвэрүүдийн санхүүгийн өртөг, валютын ханшийн алдагдал, гадаад своп хэлцлийн зардлын нийлмэл үр дагавар шүү дээ. Баримт дурдъя. 2012-2016 онд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд их наядаар хэмжигдэх санхүүжилт олгосон.

Мөн 3.7 их наяд төгрөгийн ипотекийн хөтөлбөр байна. 2020-2022 онд тэтгэврийн зээл тэглэх шийдвэрийг хэрэгжүүлэхэд Монголбанк 724.84 тэрбум төгрөгийн “Эрдэнэс бонд” худалдан авсан. Одоо хүртэл хэн хаанаас барагдуулах нь тодорхойгүй байна.

Үүний дараа Ковидын үеийн 10 их наядын цогц төлөвлөгөө, ажлын байр дэмжих хөнгөлөлттэй зээл, репо санхүүжилт, ипотекийн хөтөлбөрүүд хэрэгжсэн. Улмаар “Шинэ хоршоо” нэрээр 5 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр зарласан.

Эдгээрийн санхүүжилтийн эх үүсвэр, механизм өөр боловч төсвийн шинжтэй бодлогын өртөг, мөнгөний нийлүүлэлтэд үзүүлэх нөлөөг нь цогцоор тооцох шаардлагатай.

-Валютын ханшийн алдагдал бас бий?

-Тийм ээ. Үүн дээр валютын ханшийн алдагдал нэмэгдэнэ. Монголбанк ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад оролцож ирсэн. Гэвч төгрөгийн ханш сулрах үед валютын хөрөнгө, өр төлбөрийг дахин үнэлснээс их хэмжээний алдагдал бүртгэгдсэн.

Монголбанкны тайлбарласнаар, 2016 онд ДНБ-ий 5 хувь, 2020 болон 2022 онд тус бүр 2 хувьтай тэнцэх ханшийн тэгшитгэлийн бодит бус алдагдал хүлээжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн тэлэлтээс үүдэлтэй валютын эрэлтийн дарамтыг зөөлрүүлэх санхүүгийн өртөг Төв банкны балансад шингэж ирсэн гэсэн үг.

Үүнээс гадна Хятадын Ардын банктай байгуулсан юанийн своп хэлцэл бий. 2012-2016 онд уг хэлцлээр нийт 12 тэрбум юань буюу тухайн үеийн ханшаар 1.8 тэрбум ам.доллартай тэнцэх эх үүсвэр ашигласан. Гадаад валютын нөөц хомс байсан учраас своп хэлцлийг олон жил сунгаж, хүүгийн зардал төлсөөр ирсэн.

УИХ-ын ажлын хэсгийн шалгалтаар зөвхөн нэг жилийн тайланд Хятадын Ардын банктай хийсэн свопын хүүгийн зардал 138.9 тэрбум төгрөг байсныг тогтоосон. 2023-2024 онд нийт 6 тэрбум юанийг эргүүлэн төлж, ашиглалтын үлдэгдлийг хоёр дахин бууруулсан нь хүүгийн дарамтыг багасгасан. Гэхдээ өмнөх жилүүдийн зардал хуримтлагдсан алдагдал хэвээр үлджээ.

-Төв банкны үнэт цаасны тухайд?

-Монголбанк эдийн засаг дахь илүүдэл төгрөгийг татахын тулд Төв банкны үнэт цаас гаргаж, өндөр хүү төлж байна. Монголбанкны мэдээллээр, 2018 оноос хойш энэ хэрэгслийн хүүгийн зардал жилд дунджаар ДНБ-ий нэг орчим хувьтай тэнцжээ. Ингээд төсвийн тэлэлтээр эдийн засагт мөнгө нийлүүлж, валютын ханшийг хамгаалахад зардал гаргаж, дараа нь илүүдэл мөнгийг өндөр хүүгээр буцаан татдаг санхүүгийн өртөгтэй тогтолцоо олон жил үргэлжилжээ.  

Энэ бүхний өртөг ийм өндөр тоотой мөнгөн дүн. Өөрөөр хэлбэл, улс төрчид хөтөлбөр зарлаж нэр хүнд олдог, төсөв нь мөнгө цацдаг, Төв банк нь түүний үр дагаврыг өндөр хүү, ханшийн алдагдал, свопын зардлаар нөхдөг энэ тогтолцооны төлөөсийг эцэст нь хэн хариуцах вэ гэдэг маргаан үлджээ. Мөнгөний бодлогын алдагдлыг зөвхөн Монголбанкны буруу гэж үзэхээсээ өмнө Төв банкийг төсвийн бодлогын санхүүжүүлэгч болгосон тогтолцоогоо өөрчлөх ёстой!

-ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ЭРСДЭЛ МАРГААШ ТАТВАР ТӨЛӨХ ЧАДВАРТАЙ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ЦӨӨРЧ, ҮГҮЙ БОЛОХ ГЭЭД БАЙГААД БАЙНА- 

-Төр улам данхайж, төрийн албан хаагчдын цалинг нэмэхийн тулд хувийн хэвшлийн 1 сая гаруй хүний нуруун дээрх татварын ачааллыг дарамт болгон үүрүүлж байна. Нөгөө талд нь цахилгаан, дулаан, шатахууны үнэ нэмэгдэж, банкуудын зээлийн хүү буурахгүй байна. Төрийн энэ бодлого баялаг бүтээгчдээ дэмжих биш, харин ч хувийн хэвшлээ 'саалийн үнээ' болгож татаж унагах шатандаа орчихсон юм биш үү? Ирэх 1-2 жилийн дотор Монголын үндэсний бизнесүүдэд яг ямар бодит сорилт тулгарах вэ?

-Монголын эдийн засагт нэг ноцтой зөрчил бий. Баялгийг хувийн хэвшил бүтээдэг, харин түүнийг хуваарилах төрийн зардал улам өсөж байна. Төрийн цалин, урсгал зардал нэмэгдэхийн хэрээр төсвийн орлогын хэрэгцээ өснө. Гэтэл бизнес эрхлэгчдийн хувьд татвар, нийгмийн даатгалын шимтгэл, цахилгаан, дулаан, шатахууны зардал өндөр, зээлийн хүү буурахгүй байна.

Ойрын хоёр жилд үндэсний бизнесүүдэд гурван том сорилт тулгарна. Нэгдүгээрт, зардлын өсөлтөөс үүдэлтэй ашгийн бууралт. Хоёрдугаарт, өндөр хүүгээс шалтгаалсан мөнгөн урсгалын хомсдол. Гуравдугаарт, иргэдийн худалдан авах чадвар суларснаас үүдэх борлуулалтын эрсдэл. Энэ гурав зэрэг хүндрэхэд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа царцааж, ажлын байраа цомхотгох, цаашлаад үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй.

Хамгийн аюултай нь, төрийн зардлыг санхүүжүүлэхийн тулд татварын ачааллыг нэмэгдүүлсээр байвал маргааш татвар төлөх бизнесийн суурь өөрөө хумигдаж эхэлнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь буруу биш. Харин бүтээмж, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэргүйгээр төрийн байнгын зардлыг өсгөх нь хувийн хэвшлээ үгүй хийх мулгуу бодлого.

Эдийн засгийн гол эрсдэл бол өнөөдөр татварын орлого тасрахдаа биш, харин маргааш татвар төлөх чадвартай үндэсний үйлдвэрлэгчид цөөрч үгүй болох гээд байгаад байгаа юм.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. 

Д.ЭРДЭНЭТУЯА