Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны биеийн байдалтай холбоотой цуурхал дахин дэгдсэнээр түүнийг гэнэтийн байдлаар төрийн эрх барих боломжгүй болсон тохиолдолд хэн залгамжлах вэ гэсэн асуудал олон улсын анхаарлыг татаж буй.

Түүний охин Ким Жү Э, дүү Ким Ё Жон болон төрийн ахмад зүтгэлтэн Чой Рён Хэ нарыг эрх мэдлийн шилжилтийн үед чухал үүрэг гүйцэтгэж болзошгүй гурван хүнээр нэрлэж байгаа ч Пёньян тэдний хэнийг ч албан ёсоор залгамжлагчаар зарлаагүй байна.

Энэ сарын дундуур Ким Жон Уныг тархинд нь цус харваж, ухаангүй байдалд орсны дараа Бээжин хотод эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээлэл гадаадын цахим орчинд тархсан юм.

Уг мэдээллийг АНУ-д амьдардаг, өөрийгөө Хятадын Ардчилсан намын дарга хэмээн танилцуулдаг Се Ваньжюнь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн боловч түүний мэдэгдлийг батлах нотлох баримт гаргаагүй байна.

Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд Ким Жон Уны биеийн байдлын талаар шууд тайлбар хийгээгүй ч аравдугаар сарын 20-нд түүнийг охин Ким Жү Эгийн хамт Пёньян хотод болсон хувцас, гутлын үзэсгэлэн үзэж буй гэрэл зургуудыг нийтэлжээ.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба аравдугаар сарын 23-нд парламентын холбогдох хороонд танилцуулахдаа Ким Жон Уныг нас барсан гэх цахим мэдээллийг худал гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Иймээс түүний нас барсан, хүндээр өвчилсөн гэх мэдээллийг батлагдсан үйл явдал гэж үзэх үндэслэл одоогоор алга байна. 

Ким Жон Уны залгамжлагчийн тухайд хамгийн их анхаарал татаж буй хүн нь түүний охин Ким Жү Э юм. Өдгөө 13 орчим настай гэж үздэг түүнийг сүүлийн жилүүдэд пуужингийн туршилт, цэргийн арга хэмжээ, төрийн өндөр түвшний үйл ажиллагаанд эцгийнх нь хамт оролцуулах болсон нь улс төрийн ажиглагчдын анхаарлыг татаж буй юм.

Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба есдүгээр сарын эхээр парламентын гишүүдэд мэдээлэл өгөхдөө Ким Жү Эг залгамжлагчаар сонгогдсон гэж үзэх үндэслэл нэмэгдэж байгааг дурджээ.

Түүний олон нийтийн өмнө тогтмол гарч ирж буй байдал нь ирээдүйн удирдагчийн дүр төрхийг Хойд Солонгосын иргэдэд аажмаар хэвшүүлэх зорилготой байж болзошгүй гэж тус алба үзжээ.

Гэвч Хойд Солонгосын улс төрийн тогтолцоонд эмэгтэй хүн төрийн дээд эрх мэдлийг өвлөн авах нь урьд өмнө байгаагүй тул түүний ирээдүйн байр суурь тодорхойгүй хэвээр байгаа аж.

Өөр нэг боломжит хүн бол Ким Жон Уны дүү Ким Ё Жон юм. Тэрбээр Солонгосын Хөдөлмөрийн намд өндөр албан тушаал хашдаг, Өмнөд Солонгостой харилцах асуудлаар хатуу байр суурь илэрхийлдгээрээ танигдсан.

Ахынхаа хамт цэргийн арга хэмжээ болон олон улсын уулзалтад оролцож ирсэн тэрбээр Хойд Солонгосын улс төрийн хүрээнд нөлөө бүхий хүмүүсийн нэгд тооцогддог.

Хэрэв Ким Жон Ун гэнэтийн шалтгаанаар төрийн эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжгүйд хүрвэл Ким Ё Жон түр хугацаанд удирдлагын үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн таамаг бий. Гэхдээ энэ нь албан ёсны шийдвэр, баталгаатай залгамжлалын төлөвлөгөө бус, шинжээчдийн дэвшүүлж буй хувилбар юм. 

Гурав дахь нэр дэвшигчээр Хойд Солонгосын улс төрийн тогтолцоонд олон жил ажилласан Чой Рён Хэг нэрлэгдэж байгаа аж. Өдгөө 76 орчим настай тэрээр төрийн болон намын удирдах түвшний олон албан тушаал хашиж байсан туршлагатай ахмад зүтгэлтэн юм.

Ким Жү Э, Ким Ё Жон нараас ялгаатай нь Чой Рён Хэ Кимийн гэр бүлийн гишүүн биш, түүний боломжит үүрэг нь удмын залгамжлалаас илүүтэй нам, төрийн тогтолцооны тогтвортой байдлыг хадгалах асуудалтай холбогдож буй.

Ким Жон Уны эрүүл мэндийн талаарх таамаг өмнө нь ч олон удаа гарч байв. Тэрбээр илүүдэл жинтэй, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байж болзошгүй талаар Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага өмнө нь мэдээлж байсан ч есдүгээр сарын сүүлчийн үнэлгээгээр түүний биеийн байдалд ноцтой өөрчлөлт илрээгүй талаар парламентын гишүүдэд танилцуулсан байна.

2020 онд ч Ким Жон Уныг хүндээр өвчилсөн, нас барсан гэх цуурхал тарсан ч тэрбээр дараа нь олон нийтийн өмнө дахин гарч ирсэн юм. Хойд Солонгосын төрийн мэдээлэл хязгаарлагдмал, удирдагчийн эрүүл мэндийн талаарх албан ёсны мэдээлэл ховор байдаг нь ийм таамаг дахин дахин гарах нэг шалтгаан болдог аж.  

Одоогийн байдлаар Ким Жон Уны залгамжлалын асуудалд хамгийн их анхаарал татаж буй хүн нь охин Ким Жү Э хэвээр байгаа ч Хойд Солонгосын улс төрийн тогтолцоо эрх мэдэл шилжих үед хэрхэн ажиллах нь тодорхойгүй байна. Ким

Эх сурвалж: YONHAP, KBS World, THE SUN