Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол-Финландын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хельсинки хотноо зохион байгуулав.
Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Финландын Худалдааны танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб нар форумыг нээж үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс эдийн засгаа төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд анхаарч байгааг дурдаж, Финландын дэвшилтэт технологи, инновац, мэдлэг туршлагыг эдгээр салбарт нэвтрүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.
Түүнчлэн “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнүүдийн хүрээнд ноос, ноолуурын боловсруулалт, хүнс, хөдөө аж ахуй, ойн аж ахуй болон ногоон хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг онцлов.

Бизнес форумын хүрээнд Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, Финландын компаниудын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах санхүүжилтын боломж, Монголын текстилийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр илтгэл, танилцуулга хийв.
Форумын төгсгөлд хоёр улсын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалт, харилцаа холбоо тогтоох арга хэмжээ зохион байгуулагдаж, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол-Финландын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, Финландын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалтыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудтай уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.