АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн албыг өмнө нь хашиж байсан Каролайн Ливитт өөрийн залгамжлагч Кэти Закариаг уг албан тушаалд ердөө тав хоног ажиллаад явсны дараа анх удаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Энэ ажил угаасаа түүнд тохирохгүй байсан нь ойлгомжтой” хэмээн хэлсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татсан байна. Ливитт аравдугаар сарын 21-нд Fox News Digital-д өгсөн ярилцлагадаа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн ажил улс төрийн салбарын хамгийн хүнд албан тушаалуудын нэг гэдгийг онцолжээ.

Тэрбээр өөрөө уг ажлыг бараг хоёр жил хийсэн туршлагадаа тулгуурлан, амжилттай ажиллахын тулд сайтар бэлтгэх шаардлагатай бөгөөд тухайн хүн хэвлэлийнхний өмнө гарч ирэх хүртэл ажлаа хэрхэн гүйцэтгэхийг бүрэн мэдэх боломжгүй гэж тайлбарласан байна.
Ливитт “Кэтид цаашдын ажилд нь амжилт хүсье. Энэ ажил түүнд тохирохгүй байсан нь ойлгомжтой. Гэхдээ түүнд болон гэр бүлд нь сайн сайхныг хүсэж байна” хэмээн хэлжээ.
Кэти Закариа яагаад тавхан хоног ажиллав?
Кэти Закариа аравдугаар сарын 12-нд Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалд орсон ч анхны хэвлэлийн хурлаа хийснээс хойш удалгүй ажлаа өгсөн. Аравдугаар сарын 13-нд болсон түүний анхны хэвлэлийн хурал ердөө 14 минут үргэлжилж, тэрбээр бэлтгэсэн тэмдэглэлээсээ уншин, сэтгүүлчдийн гурван асуултад хариулсан нь олны анхааралд өртжээ. Улмаар аравдугаар сарын 16-нд албан тушаалаасаа явжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Закариагийн ажлаас гарах үйл явцын талаар өмнө нь тайлбар хийхдээ түүнийг шийдвэрээ дахин бодож үзэхийг санал болгосон гэж мэдэгдсэн. Харин Закариа өөрөө Трампын засаг захиргаанд ажиллах боломж олдсондоо харамсахгүй байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчийг үргэлжлүүлэн дэмжихээ мэдэгджээ.
Ливитт Закариагийн оронд томилогдох хүнийг сонгоход Трампад тусалж байгаа аж. Түүний хэлснээр, дараагийн хэвлэлийн төлөөлөгч нь Ерөнхийлөгчийн бодлогыг сайн ойлгодог, мэдлэгтэй, шийдэмгий, үнэнч бөгөөд хэвлэлийнхний өмнө байр сууриа хамгаалж чаддаг байх шаардлагатай аж. Гэхдээ шинэ томилгооны талаар эцсийн шийдвэрийг Трамп өөрөө гаргах юм байна.
Закариагийн тавхан хоногийн ажилласан хугацаа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаалын түүхэн дэх хамгийн богино хугацаа болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ. Түүний богино хугацааны томилгоо нь өндөр түвшний улс төрийн албан тушаалд нэр дэвшигчийн бэлтгэл, хэвлэлтэй харилцах чадвар, шууд хариуцлага хүлээх шаардлага хэр чухал болохыг дахин харуулсан үйл явдал болсон байна.
Эх сурвалж: THE INDEPENDENT, FOX NEWS, AOL, UNILAD