Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгч Карл Нехаммер аравдугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Украинд гурван өдрийн айлчлал хийжээ. Австрийн Ерөнхий сайд асан түүний хувьд энэ удаагийн айлчлал дөрөвдүгээр сард хийсэн айлчлалаас эрс өөр байсан аж.
Тэрбээр галт тэрэгнээс нүүлгэн шилжүүлэгдэх, нэг өдрийн дотор агаарын түгшүүрийн дохио 30 гаруй удаа дуугарах, бөмбөгдөлтөөс хамгаалах байранд олон цагаар хоргодох зэрэг нөхцөл байдалтай тулгарчээ.
DW агентлагт өгсөн ярилцлагадаа Карл Нехаммер Европын хөрөнгө оруулалтын банк Украинд өнөөг хүртэл хэдий хэмжээний хөрөнгө оруулсан, эрчим хүчний салбар болон жижиг, дунд бизнесийг хэрхэн дэмжиж байгаа, яагаад Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийг одоогоор санхүүжүүлэхгүй байгаа, мөн авлигын эрсдэлээс төслүүдээ хэрхэн хамгаалдаг талаар ярьжээ.
Аюулгүй байдлын нөхцөл байдал эрс өөрчлөгджээ
DW: -Ноён Нехаммер аа, та аюулгүй байдлын нөхцөл байдал муудаж, халдлага, бөмбөгдөлт эрчимжиж буй энэ үед Украин, тэр дундаа Киев хотод айлчиллаа. Таны өнгөрсөн хаврын айлчлалаас хойш нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
Карл Нехаммер: -Дөрөвдүгээр сард хийсэн айлчлал миний хувьд онцгой байсан. Учир нь, энэ нь Украинд анх удаа айлчилснаас хойш дөрвөн жилийн дараа болсон юм. Тэр үед би Австрийн канцлерын албыг хашиж байсан бөгөөд Киевт айлчилсан анхны Засгийн газрын тэргүүнүүдийн нэг байлаа.
Тухайн үед Оросын цэргүүд ухарснаас хойш ердөө есөн хоног өнгөрөөд байсан. Хот даяар хүмүүс дайнд бэлтгэж байгаа нь илт харагдаж байв. Элсээр дүүргэсэн шуудай, хамгаалалтын бэхлэлт гээд л.
2026 оны дөрөвдүгээр сарын айлчлал миний хувьд үнэхээр гайхамшигтай мөч байлаа. Гостомель хотод сэргээн засварласан бага сургуулийг нээж, хүүхдүүдийн нүд рүү эгцлэн харах боломж надад олдсон юм. Тэд шинэ орчин, орчин үеийн анги танхимдаа ямар их баярлаж байгааг харахад сайхан байлаа. Түүнчлэн уг сургууль эрчим хүчний хэмнэлттэй барилга болсон.
Тэр удаагийн айлчлалын үеэр галт тэргэнд ч, Киев болон Львов хотод бүтэн долоо хоног байх хугацаанд ч агаарын түгшүүрийн дохио нэг ч удаа дуугараагүй. Харин энэ удаа нөхцөл байдал огт өөр байлаа. Галт тэргээр зорчиж байх үед анхны агаарын түгшүүрийн дохио дуугарч, биднийг галт тэрэгнээс нүүлгэн шилжүүлсэн.
Хүмүүс, ялангуяа хүүхдүүдээ дагуулсан эхчүүд нөхцөл байдалд ямар тайван хандаж, үүссэн нөхцөлд хэрхэн дасан зохицож байгааг хараад би гүн сэтгэгдэл авсан.
DW: -Аюулгүй байдлын нөхцөл байдал ийм байгаа үед Украинд хийж буй таны энэ удаагийн айлчлал ямар нэгэн онцгой мессэж илэрхийлж байна уу, эсвэл ердийн ажлын айлчлал уу?
Карл Нехаммер: -Энэ удаагийн айлчлал хэд хэдэн зорилготой. Үүний нэг нь Украин Европын хөрөнгө оруулалтын банкны тэргүүлэх чиглэлүүдийн нэг хэвээр байгааг харуулах явдал юм.
Бид одоо Украинд олон төсөл хэрэгжүүлж буй бөгөөд тэдгээр ажлын хүрээнд газар дээр нь очиж, шууд хамтран ажиллахад бэлэн байна. Тиймээс би Украины сайд нар болон Ерөнхий сайдтай чухал уулзалтууд хийсэн.
Украинд хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг. Энэ бол зүгээр нэг хөрөнгө оруулалт биш. Энэ бол Европын ирээдүй, аюулгүй байдалд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Тиймээс бидний гол зорилго бол Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоохгүйг харуулах явдал. Бид Украины талд байна.
Ялангуяа Орос улс дарамтаа нэмэгдүүлж, иргэний дэд бүтэц, аж ахуйн нэгжүүдийг оролцуулан халдлагаа эрчимжүүлж буй энэ үед бид дэмжлэгээ үргэлжлүүлнэ. Бид дэд бүтэц, эрчим хүч, орон сууц, эмнэлэг, сургуулийг сэргээн босгоход хөрөнгө оруулсаар байна.
Украинд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төслүүд
DW: -Эдгээр төслийн талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
Карл Нехаммер: -Бид Украины нийт 350 орон нутгийн захиргаатай хамтран сэргээн босголт, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, усан хангамжийн чиглэлээр 600 төсөл санхүүжүүлж байна.
Тухайлбал, Киев хотод шинэ автобус худалдан авахад зориулж 18.5 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ нь хотын оршин суугчдын амьдралд бодит ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. Шатгүй, нам шалтай 85 автобус ашиглалтад орсноор ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход илүү хялбар болно.
Мөн бид Украинд Европын Холбооны гишүүн орнууд болон Молдавтай хиллэдэг боомтуудыг шинэчлэхэд зориулж 60 сая еврогийн санхүүжилт олгосон. Ерөнхийдөө Украинд хийх хөрөнгө оруулалтын богино, дунд, урт хугацааны стратеги бидэнд бий.
Түүнчлэн бид Украины ПроКредит банктай батлан даалтын гэрээ байгуулсан. Тус банк нь Германы ProCredit банкны группт багтдаг. Энэхүү гэрээний ачаар Украины жижиг, дунд бизнес эрхлэгчид нийт 143 сая евро хүртэлх хэмжээний хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилт авах боломжтой болно.
DW: -Бүрэн хэмжээний дайн эхэлснээс хойш Европын хөрөнгө оруулалтын банк Украинд хэрэгжүүлэх төслүүдэд нийт хэдий хэмжээний санхүүжилт олгосон бэ?
Карл Нехаммер: Нийт 4.5 тэрбум евро. Эдгээр хөрөнгө оруулалт нь Украины иргэдийн амьдралыг сайжруулахад чиглэж байна. Украинчууд эх орондоо үлдэх, гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх, цаашлаад шинэ бизнес эхлүүлэх ирээдүйтэй гэдэгтээ итгэх нөхцөлийг бүрдүүлэх нь бидний зорилго юм.
DW: -Та бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна вэ?
Карл Нехаммер: -Бид Украины орон нутгийн банкуудад батлан даалт гаргаж өгдөг. Ингэснээр тэд аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй зээл, урт хугацааны санхүүжилт олгох боломжтой болдог.
Зарим аж ахуйн нэгж бидэнтэй шууд хамтран ажиллахад хэтэрхий жижиг байдаг. Тиймээс бид Украины бизнес эрхлэгчдийг орон нутгийн банкуудаар дамжуулан дэмждэг.
Одоогийн байдлаар бид Украины найман банктай хамтран ажиллаж байна. Эдгээр банканд олгох батлан даалтын нийт хэмжээ нэг тэрбум еврогоос давна гэж бид тооцоолж байна.
Эрчим хүчний аюулгүй байдал ба өвлийн бэлтгэл
DW: -Европын хөрөнгө оруулалтын банкнаас олгож буй санхүүжилтийн хэдэн хувь нь Украиныг өвөлд бэлтгэхэд, хэдэн хувь нь урт хугацааны сэргээн босголтод чиглэж байна вэ? Та энэ хоёрын тэнцвэрийг хэрхэн хадгалж байна вэ?
Карл Нехаммер: -Энд олон хүчин зүйлийг хослуулан авч үзэх шаардлагатай. Бид Украины эрчим хүчний системийн оператор “Укрэнерго”, усан цахилгаан станцуудыг ажиллуулдаг “Укргидроэнерго” компанитай хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн айлчлалаар би Киев хотын ойролцоох эрчим хүчний дэд бүтцийн нэг байгууламжид очсон. Тэнд бидний оруулсан хөрөнгө оруулалт бодит үр дүнгээ өгч байгааг өөрийн нүдээр харлаа.
Тухайлбал, “Укрэнерго” компани Европын хөрөнгө оруулалтын банкнаас олгосон 86 сая еврогийн санхүүжилтийг ашиглан гол дэд станцууддаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн халдлагаас хамгаалах систем байгуулж байна. Энэ нь тэдгээр байгууламжийг Оросын халдлагаас илүү сайн хамгаалж, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг хангахад тусална.
Үүний зэрэгцээ бид Украины орон нутгийн захиргаадын эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Дулаан хангамжийг дэмжих 230 сая еврогийн хөтөлбөрийн хүрээнд, тэр дундаа фронтын шугамын ойролцоох бүс нутгуудын орон нутгийн захиргаа дулааны шугам сүлжээг сэргээн засварлах, шинэчлэх, дулаан болон цахилгааныг хослуулан үйлдвэрлэх когенерацийн төхөөрөмж суурилуулах, төвлөрсөн бус эрчим хүч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд санхүүжилт авах боломжтой.
Бид мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон талт хөгжлийн банкууд болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.
Тиймээс өнөөдөр дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны сайн сүлжээ бий болсон гэж бодож байна. Орон нутгийн удирдлагууд шаардлагатай тусламжийг хаанаас хүсэхээ мэддэг болсон.
Түүнчлэн бид “Нафтогаз Украины” компанид бараг 500 сая еврогийн санхүүжилт олгож, тус улсын эрчим хүчний тогтвортой байдлыг бэхжүүлэх, байгалийн хийн урт хугацааны нөөцийг бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлсэн.
Дотоодын дүрвэгсдэд зориулсан нийгмийн орон сууц
DW: -Европын хөрөнгө оруулалтын банк Украины нийгмийн орон сууцны салбарт ажиллаж эхэлсэн. Энэ төсөл одоо ямар шатанд явж байна вэ? Дотооддоо дүрвэсэн хэдэн өрх шинэ орон сууцанд амьдрах боломжтой болох вэ? Хэзээнээс эхлэх вэ?
Карл Нехаммер: -Бидний зорилго бол хэдэн мянган өрхийг орон сууцаар хангах юм. Үндсэн зорилтот бүлэгт дайнд оролцсон ахмад дайчид болон хүүхэдтэй эхчүүд багтаж байна. Энэ зун бид 100 сая еврогийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан.
Ирэх онд Украинд хэдий хэмжээний хөрөнгө оруулах вэ?
DW: -Ирэх жилийн төлөвлөгөө юу вэ? Та бүхэн хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна вэ?
Карл Нехаммер: Нэгдүгээрт, бид хэдийнэ батлагдсан, нийт 4.5 тэрбум еврогийн санхүүжилттэй төслүүдээ хэрэгжүүлэхэд анхаарч байна. Хоёрдугаарт, батлан даалтын асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна.
Европын хөрөнгө оруулалтын банкны Украинд хийх бүх хөрөнгө оруулалт Европын Комиссын батлан даалтаар хангагдах шаардлагатай. Олон жилийн санхүүгийн хөтөлбөрийн талаар Европын Холбооны гишүүн орнуудтай хэлэлцээ хийж байгаа тул өнөөгийн нөхцөл байдал Европын Комиссын хувьд ч амаргүй байна.
Гэсэн хэдий ч бидэнд тодорхой тэргүүлэх чиглэлүүд бий. Тэдгээрийн нэг нь эрчим хүчний дэд бүтэц юм.
Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийг санхүүжүүлэх боломж бий юу?
DW: -Европын хөрөнгө оруулалтын банк саяхан Европын Холбооны хүрээнд аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарын төслүүдийн санхүүжилтийг өргөжүүлсэн. Үүнтэй төстэй арга хэмжээг Украинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна уу?
Карл Нехаммер: Энэ бол манай бодлогын хандлагад гарсан үнэхээр томоохон өөрчлөлт юм. 2025 онд Европын хөрөнгө оруулалтын банкны хувьцаа эзэмшигч болох Европын Холбооны 27 гишүүн улс өмнө нь хориглож байсан батлан хамгаалахын чиглэлийн төслүүдийг санхүүжүүлэхийг бидэнд зөвшөөрсөн.
Үүний дараа бид маш шуурхай ажиллаж, Европын Холбооны нутаг дэвсгэр дэх батлан хамгаалахын төслүүдэд аль хэдийн 4.5 тэрбум еврогоос давсан санхүүжилт олгоод байна.
Гэхдээ гишүүн орнуудын тавьсан зайлшгүй нөхцөл нь ийм санхүүжилтийг зөвхөн Европын Холбооны нутаг дэвсгэрт хэрэгжих төслүүдэд олгох явдал байсан.
Гэсэн хэдий ч бид Украины аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг Европын компаниудыг санхүүжүүлж байна. Үүний нэг жишээ бол Германы нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч “Quantum Systems” компани юм.
Энэ бодлогыг өөрчлөх боломжийн талаар хэлэлцэж байгаа ч гишүүн орнууд одоогоор холбогдох шийдвэр гаргаагүй байна. Тиймээс одоогийн байдлаар бид аюулгүй байдал, батлан хамгаалахын төслүүдийг зөвхөн Европын Холбооны хүрээнд санхүүжүүлж байна.
Үүний зэрэгцээ нэг зүйлийг ойлгох нь чухал. Одоогийн бодлогын хүрээнд ч зэвсэг, сум хэрэгслийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэх боломжгүй. Магадгүй гишүүн орнууд байр сууриа өөрчилвөл бид цаашид илүү их зүйл хийх боломжтой болох юм.
Авлигын эрсдэлээс хөрөнгө оруулалтаа хэрхэн хамгаалдаг вэ?
DW: -Европын Холбоонд Украины авлигын түвшин өндөр байгааг олон хүн шүүмжилдэг. Та өөрөө авлигатай холбоотой асуудалтай тулгарч байсан уу? Европын хөрөнгө оруулалтын банк төслүүдээ авлигын эрсдэлээс хэрхэн хамгаалдаг вэ?
Карл Нехаммер: -Бид Украинд үйл ажиллагаа явуулахдаа бусад бүх улсад мөрддөг Европын хөрөнгө оруулалтын банкны адил хатуу стандартыг баримталдаг. Бид Украины Үндэсний авлигатай тэмцэх товчоо (НАБУ), Авлигатай тэмцэх тусгай прокурорын газар (САП) зэрэг байгууллагатай хамтран ажилладаг.
Практикт төрийн байгууллага болон орон нутгийн захиргаад манай санхүүжилтийг авахад тавигддаг бүх шаардлагыг хангах нь заримдаа амаргүй байдаг. Магадгүй ийм шалтгааны улмаас зарим төсөл өнөөг хүртэл хэрэгжиж чадаагүй байж болох юм.
Нөгөө талаас, Украины Европын Холбоонд элсэх үйл явц нь манай дүрэм, журам, ажлын зарчмыг эзэмшиж, ойлгох хамгийн сайн арга зам юм.
Дахин онцлон хэлэхэд, авлигын асуудал маш чухал. Бидний удирдах зөвлөлийн хуралдаан дээр Украинд хөрөнгө оруулах шийдвэрийг байнга үндэслэлтэй тайлбарлах шаардлага гардаг. Заримдаа хэлэлцүүлэг нэлээд хурц өрнөдөг.
Европын Холбооны зарим гишүүн улс дайны байдалтай байгаа оронд хөрөнгө оруулах нь хэр оновчтой вэ гэдэгт эргэлздэг. Гэхдээ ийм эргэлзээнд өгөх хамгийн сайн хариулт бол төслүүдийн бодит үр дүн юм.
Хөрөнгө оруулсан мөнгөөр сургууль, эмнэлгийг сэргээн засварлаж, төмөр зам болон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлж, орон сууц барьж, иргэдийг аюулгүй ундны усаар хангаж байгааг харах нь үнэхээр хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.
Үүнтэй адил манай хөрөнгө оруулалтууд Украинд Европын Холбоонд мөрддөгтэй ижил дүрэм, стандартын дагуу хэрэгжиж байгааг гишүүн орнуудад харуулах нь чухал юм. Украины түнш байгууллагууд ч эдгээр шаардлагыг заавал биелүүлэх ёстой.
Эх сурвалж: DW