Францын “Орано” групп охин компани болох “Орано ИМП Монгол Ресурс” ХХК-иараа дамжуулан Монгол Улсын Үндэсний геологийн албатай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Энэхүү баримт бичиг нь геологи, гидрогеологи болон ашигт малтмалын хайгуулын судалгааны чиглэлээр хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд Монгол Улсын геологийн нөөц боломжид итгэж буйгаа тус групп дахин илэрхийлжээ.

Санамж бичигт 2026 оны аравдугаар сарын 16-нд GIMAR 2026 бага хурлын үеэр гарын үсэг зуржээ. Энэ нь талуудын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлийг тодорхойлохын зэрэгцээ ирээдүйд байгуулах хамтын ажиллагааны гэрээнүүдийн үндэс суурь болох юм.

“Орано” группийн хувьд Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр урт хугацаанд тууштай ажиллах зорилгоо энэхүү санамж бичгээр дахин бататгаж байжээ. Тус компани Монголын геологийн тогтоц, онцлогийн талаарх мэдлэг, судалгааг өргөжүүлэх, цаашдын ашигт малтмалын нөөцийн боломжийг тодорхойлоход хувь нэмэр оруулахын зэрэгцээ хариуцлагатай хайгуулын үйл ажиллагааг дэмжихээр зорьж байгаа аж.

Монгол Улсын Үндэсний геологийн албатай хамтран ажиллах нь геологийн судалгааны үр дүн, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, цаашдын хайгуулын ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд үзжээ.

Монгол Улс дахь “Орано” группийн уул уурхайн үйл ажиллагаа хариуцсан захирал Корали Прин хамтын ажиллагааны талаар хэлэхдээ, Монгол Улстай олон жилийн турш түншлэл, харилцан итгэлцэлд тулгуурлан ажиллаж ирснээ онцолжээ.

Тэрбээр “Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичиг нь Монгол Улстай урт хугацаанд хамтран ажиллах бидний эрмэлзлийг дахин нотолж байна. Мөн Монголын геологийн нөөц боломжийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах хүсэл зоригийг маань илэрхийлж байгаа юм” хэмээн мэдэгдсэн байна.

“Орано” группийн Геологийн албаны захирал Николя Флотте геологийн судалгаа нь уул уурхайн аливаа төслийг хөгжүүлэх суурь үе шат болохыг тэмдэглэв. Түүний хэлснээр, газрын хэвлийн талаарх мэдлэг, туршлагаа нэгтгэснээр Монгол Улсын геологийн судалгаа, мэдээллийн санг баяжуулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ хариуцлагатай, тогтвортой хайгуулын үйл ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой аж.

“Орано” групп нь Монгол Улсад ураны хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү санамж бичиг нь тус улсын геологийн нөөц боломжийг судлах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх урт хугацааны зорилгын нэг хэсэг болж байна.