Кремль мэдээлэхдээ, энэ долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины БНХАУ-д хийх айлчлалаас “маш өндөр хүлээлттэй” байгаагаа мэдэгдэв. Мөн хоёр тал энэхүү айлчлалыг ашиглан “давуу эрхтэй стратегийн түншлэл”-ээ улам гүнзгийрүүлнэ гэж онцолсон байна.
Путин мягмар, лхагва гарагт Хятадад айлчлах бөгөөд энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-д айлчилж, Бээжинд хэлэлцээ хийснээс долоо хүрэхгүй хоногийн дараа болж байгаа юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Энэ айлчлалд бид маш өндөр хүлээлттэй байна” гэж мэдэгджээ.
Барууны хориг арга хэмжээ Украины дайнаас хойш хэрэгжиж эхэлснээс хойш Хятад ба Оросын “хязгааргүй” гэж нэрлэгддэг хамтын ажиллагаа улам бэхжиж, дэлхийн хамгийн том байгалийн нөөц үйлдвэрлэгч хоёр орны харилцаа гүнзгийрсэн гэж үзэж буй.
Песковын хэлснээр, хоёр улс энэ харилцаагаа “онцгой давуу эрхтэй, стратегийн түншлэл” гэж тодорхойлдог. Мөн тэрбээр Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Ерөнхий сайдын орлогчид, сайд нар болон томоохон компаниудын удирдлагууд багтсан гэж мэдээлжээ.
Сэтгүүлчид “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн талаар асуухад, Песков энэ сэдвийг хэлэлцэх магадлалтайг үгүйсгээгүй бөгөөд "Хоёр талын эдийн засгийн бүх асуудлыг хэлэлцэх боломжтой" гэж хариулсан байна.
Юрий Ушаков Путины БНХАУ-д хийх айлчлалын талаар мэдээлэв
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков "Владимир Путин БНХАУ-д хийх айлчлалынхаа үеэр Хятадын удирдлагуудтай Xi Jinping-тэй ганцаарчилсан болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтууд хийж, хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна" гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрбээр хэлэхдээ, Ардын их хурлын ордонд албан ёсны угтах ёслол болсны дараа Владимир Путин болон Ши Жиньпин нарын ганцаарчилсан уулзалт эхлэх аж. Энэ уулзалтаар хоёр улсын харилцааны хамгийн чухал бөгөөд эмзэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Оросын төрийн тэргүүн Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тавдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх бөгөөд энэхүү айлчлалыг Орос-Хятадын Найрсаг харилцаа, сайн хөршийн болон хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж буй аж.
Энэ хүрээнд хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдахын өмнө хоёр удирдагч Орос-Хятадын харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхох нь. Ажлын хөтөлбөр нь цайны үеэр хийх албан бус уулзалтаар өндөрлөх юм байна.
Уулзалтын дараа талууд иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ажээ.
Нийтдээ ойролцоогоор 40 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн нь аж үйлдвэр, худалдаа, тээвэр, барилга, атомын эрчим хүч, боловсрол, кино урлаг болон хэвлэл мэдээллийн агентлагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чиглэлтэй байна. Мөн уулзалтын дараа удирдагчид хэвлэл мэдээллийн өмнө мэдэгдэл хийхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын дунд “Сибирийн хүч-2” хийн хоолойн төсөл онцгой байр суурь эзэлж байгаа бөгөөд энэ нь Баруун Сибирийн ордуудаас Монгол Улсаар дамжин Хятад руу хий нийлүүлэх төсөл юм. Төслийн гэрээ 30 жилийн хугацаатай байх төлөвтэй байгаа аж.
“Газпром”-ын Удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер өмнө нь талууд дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар хууль ёсны хүчинтэй санамж бичигт гарын үсэг зурсан талаар мэдэгдэж байв.
Эх сурвалж: REUTERS, RIA NOVSTI