Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ сүүлийн өдрүүдэд түүхэн дээд түвшинд хүрээд байсан ч өсөлтийн эрч саарч, ханш буурах хөдөлгөөн ажиглагдаж эхэлжээ. Үүнд Хятадын худалдан авалт сулрах болсон нь голлон нөлөөлж буй бөгөөд хөрөнгө оруулагчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын Бээжинд хийсэн дээд хэмжээний уулзалтыг анхааралтай ажиглаж байв.
London Metal Exchange (LME)-ийн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргийн арилжаагаар зэсийн фьючерсийн үнэ 1.5 хувиар буурч, найман өдрийн турш үргэлжилсэн өсөлт нь зогссон. Сүүлийн өсөлт дэлхийн хэмжээнд уурхайнуудын нийлүүлэлт доголдсон, хиймэл оюун (AI)-ы салбарын өсөлтөөс үүдэлтэй эрэлтийн хүлээлт нэмэгдсэн, мөн технологийн хувьцаанууд огцом өссөнтэй холбоотой байжээ.

"Cofco Futures Co"-ийн шинжээч Сюй Ваньцю "Дэлхий нийт цахилгаанжуулалт, ногоон шилжилт рүү эрчимтэй шилжиж буй энэ үед зэс стратегийн хамгийн чухал түүхий эдийн нэгд тооцогдож буй. Гэвч үнэ хэт өндөр түвшинд хүрсэн нь Хятадын бодит эрэлтэд дарамт учруулж эхэлсэн" гэж онцолсон байна.
Түүний үзэж буйгаар, ойрын хугацаанд зэсийн үнэ өмнөх шигээ огцом өсөхөд хүндрэлтэй байж болох ч AI салбарын эрэлт хэвээр байгаа тул Хятадын дотоодын зах зээл дээр үнэ тонн тутамд 105 мянган юань буюу ойролцоогоор 15,470 ам.долларын түвшинд хадгалагдах магадлалтай байгаа аж.
2026 онд Хятадын зэсийн эрэлт ерөнхийдөө тогтвортой байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийн салбарын өсөлт үл хөдлөх хөрөнгийн салбарын сулралыг тодорхой хэмжээнд нөхөж чаджээ. Үүний нөлөөгөөр Shanghai Futures Exchange (SHFE)-ийн арилжаагаар зэсийн үнэ энэ онд 8.6 хувиар өссөн байна. Ялангуяа Цагаан сарын баярын дараа гуравдугаар сард худалдан авалт эрчимжсэн нь ханшийг өсгөхөд түлхэц болжээ.
Гэсэн хэдий ч бодит хэрэглээний эрэлт буурч эхэлсэн шинж ажиглагдаж буй юм байна. Цахилгааны утас үйлдвэрлэхэд ашиглагддаг зэс савааны захиалга энэ сард өмнөх оны мөн үе болон өмнөх сараас буурсан талаар Zhejiang Hailiang Co.-ийн ахлах шинжээч Янь Юхао мэдээлэв. Түүний хэлснээр, SHFE дээр зэсийн үнэ тонн тутамд 106 мянган юаниас давсантай холбоотойгоор худалдан авагчид худалдан авалтаа түр хойшлуулж эхэлжээ.
Мөн агааржуулагч, хөргөгч, сантехникийн тоног төхөөрөмжид ашиглагддаг зэс хоолойн захиалга тавдугаар сард өмнөх сараас ойролцоогоор 20 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Үүнд үнэ өссөнөөс гадна Ормузын хоолойн тээврийн эрсдэл нэмэгдсэн нь сөргөөр нөлөөлж буйг шинжээчид дурдсан байна.
Нөгөө талаар SHFE дээрх агуулах дахь зэсийн нөөц энэ долоо хоногоос өсөж эхэлжээ. Сүүлийн гурав хоногт нөөц 10 хувиар нэмэгдэж, 97,001 тоннд хүрсэн нь өмнөх хоёр сарын турш үргэлжилсэн огцом бууралтын дараах анхны том өсөлт болсон байна. Энэ нь зах зээлд нийлүүлэлтийн дарамт нэмэгдэж болзошгүй гэсэн дохио болж байгаа аж.
Зах зээлийн техникийн үзүүлэлтүүд ч мөн тодорхойгүй дүр зураг харуулж буй юм байна. Зэсийн үнэ одоогийн байдлаар 6,5400 ам.долларын түвшнээс доош арилжаалагдаж байгаа нь богино хугацаанд буурах дарамт хэвээр буйг илтгэнэ. Сүүлийн өдрүүдэд ханш бага зэрэг сэргэж, 6,1400 ам.долларт хүрсэн ч одоо 6,1000 ам.долларын чухал дэмжлэгийн түвшин рүү ойртжээ.
Хэрэв энэ түвшнээс доош унавал ханш цаашид 5,9500, бүр 5,8000 ам.доллар хүртэл буурах эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Харин өсөх тренд дахин хүчтэй сэргэхийн тулд үнэ 6,3800 ам.доллараас дээш тогтвортой хадгалагдах шаардлагатай аж.
Шинжээчдийн тооцоолсноор, зэсийн үнэ 6,1000-6,3000 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ Хятадын татварын байгууллага “хуурамч нэхэмжлэлийн эдийн засаг” буюу металлын арилжааны орлогыг зохиомлоор өсгөдөг схемүүдэд шалгалт хийж эхэлсэн нь спот зах зээлийн хөрвөх чадварыг бууруулж, импортын өсөлтийг сааруулж буй талаар арилжаачид онцолжээ.
Эх сурвалж: MINING, ECONOMICS