Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болон Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны аравдугаар сарын 19-ний өдөр болно.
Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Нийт шүүгчийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатараас өргөн мэдүүлсэн Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төсөл, мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс өргөн мэдүүлсэн Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, санал өгөх асуудлыг хэлэлцэх юм байна.
Түүнчлэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар, Ө.Мөнх-Өлзий, Л.Хэрлэнчимэг нараас Улсын дээд шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхээр товложээ.
Мөн Н.Ариунболд тэргүүтэй 14 өмгөөлөгчөөс ирүүлсэн, хяналтын шатны шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүчингүй болсон 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримталсан гэх агуулга бүхий өргөдлийг хэлэлцэх аж.
Үүнээс гадна Хүүхэд, гэр бүлийн хэрэг, маргааныг дагнан шийдвэрлэх шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй холбогдуулан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т заасан “Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайлан гаргах аргачлал”-ын төслийг хэлэлцэх юм байна.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлууд
Шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүхийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал,
Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах ажиллагааны талаар, мөн хяналтын шатны шүүх хуралдааны дэгийг журамлах боломжтой эсэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулга сонсох аж.
Мөн 2027-2028 онд зохион байгуулах шүүгчийг мэргэшүүлэх сургалтын сэдэв болон сургалтад оролцох хэлбэрийн талаар санал солилцох юм байна.