Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, бие даасан байдлыг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой Эгийн голын усан цахилгаан станцын төслийн асуудлаар Монгол, Оросын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажил шинэ шатанд гарч байна.

Олон арван жилийн турш яригдаж ирсэн энэхүү төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх зорилгоор хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд хамтарсан судалгаа хийж байгаа юм.

ОХУ-ын Шинжлэх ухааны академи болон Сибирийн салбарын ШУА-ийн нийтэлсэн мэдээллүүдээс үзэхэд, хамтарсан судалгааны хүрээнд голын усны урсац, экосистем, усан байгууламжийн ажиллагааны горим, байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг нарийвчлан судалж буй аж.

Судалгааны гол зорилго нь УЦС барьж ашиглах тохиолдолд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлж, түүнийг бууруулах боломжит шийдлүүдийг тодорхойлоход оршиж байгаа юм.

Хамгийн сүүлийн мэдээлээр, хоёр улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны нэгдсэн дүгнэлтэд Оросын тал төслийг зарчмын хувьд дэмжсэн байр суурь илэрхийлсэн тухай дурджээ. Уг мэдээллийн дагуу эрдэмтдийн баг холбогдох протоколд гарын үсэг зурсан бөгөөд судалгааны тайланг 2026 оны 11 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Шинжлэх ухааны академид хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

Байгаль орчин, уур  амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир "Эгийн голын УЦС-ын асуудлаар ажилласан Монгол-Оросын эрдэмтдийн багийн хийсэн судалгааны ажлын нэгдсэн дүгнэлт "Оросын талаас зарчмын хувьд дэмжиж байна" гэж гарлаа. Ингэснээр тус протоколд хоёр улсын эрдэмтдийн судалгааны баг гарын үсэг зурлаа.

Одоо энэ эрдэмтдийн баг тайлангаа ОХУ-ын ШУА-д 2026 оны 11 дүгээр сарын 18-нд хүлээлгэн өгч, тэндээс 2 улсын Засгийн газарт тайлан дүгнэлтээ хүлээлгэн өгнө. Ийнхүү 50 жил яригдсан яриа бодит ажил болох боломж бүрдлээ" гэж мэдээлэв. 

ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Сибирийн салбарын ШУА, Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудын нийтэлсэн мэдээллээр, цаашид судалгааны үр дүнг хоёр улсын шинжлэх ухааны академи болон Засгийн газруудад танилцуулж, төслийн байгаль орчны эрсдэл, түүнийг бууруулах арга замын талаар шийдвэр гаргах үндэслэл бүрдүүлэх аж.

Эгийн голын УЦС нь Монгол Улсын дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын цахилгаан эрчим хүчнээс хамаарах хамаарлыг бууруулах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэхэд ач холбогдолтой төсөл юм.

Гэхдээ төслийг бодит ажил болгохдоо Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын усны горим болон экосистемийг хамгаалах шаардлагыг бүрэн харгалзан үзэх нь чухал билээ.