Ким Жон Ун Өмнөд Солонгостой хиллэдэг бүс дэх фронтын анги нэгтгэлүүд болон бусад гол цэргийн хүчнийг бэхжүүлэх төлөвлөгөө нь “дайныг илүү үр дүнтэй тогтоон барих” чухал алхам гэж мэдэгдсэн талаар Хойд Солонгосын төрийн мэдлийн Korean Central News Agency (KCNA) даваа гарагт мэдээлжээ.

Ким Жон Ун армийн дивиз, бригадын командлагчдын ням гарагт болсон уулзалтын үеэр Өмнөд Солонгостой хиллэдэг бүсийг “нэвтэршгүй цайз” болгохын тулд хилийн цэргийн хүчийг улам бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Мөн тэрбээр орчин үеийн дайны нөхцөл байдал өөрчлөгдөж буйтай холбоотойгоор цэргийн сургалтын тогтолцоог шинэчилж, бодит нөхцөлд суурилсан сургуулилалтыг өргөжүүлэхийг уриалжээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын армийн ажиллагааны үзэл баримтлалыг дахин тодорхойлох шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Ким Жон Ун Өмнөд Солонгосыг “гол дайсан” хэмээн нэрлэж, байнгын сонор сэрэмжтэй байх ёстойг онцолжээ.

Хоёр Солонгосын хооронд 1950-1953 оны Солонгосын дайн энхийн гэрээгээр бус, зөвхөн гал зогсоох хэлэлцээрээр дууссан тул өнөө хэр техникийн хувьд дайны байдалтай хэвээр байгаа юм.

Өмнөд Солонгосын Нэгдлийн яам даваа гарагт мэдэгдэхдээ, энэ нь Ким Жон Ун засгийн эрхэнд гарснаас хойш дивиз болон бригадын командлагчидтай хийсэн анхны томоохон уулзалт байж магадгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн Сөүл цэргийн хурцадмал байдлыг хянаж, харилцан итгэлцэл бий болгох бодлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний Нэгдсэн штабын хорооноос мэдээлэхдээ, Хойд Солонгосын цэргүүд гуравдугаар сараас хойш хоёр Солонгосын хуурай газрын хил орчмын бүсэд хамгаалалтын байгууламжуудаа эрчимтэй бэхжүүлж буй бөгөөд үүнд хана, хаалт барих ажил багтаж байгааг дурджээ.

Сөүлийн Солонгосын Үндэсний Нэгдлийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин Кимийн “өмнөд хил”-ийг бэхжүүлэх тухай мэдэгдэл нь Пёньян Өмнөд Солонгостой хиллэдэг тэнгисийн маргаантай бүсүүд, тухайлбал Хойд хязгаарын шугам (NLL) орчимд ч цэргийн байрлалаа нэмэгдүүлж болзошгүйг илтгэж байна гэжээ.

Мөн тэрбээр Кимийн “орчин үеийн дайн” болон “бүх салбар дахь ажиллагааг дахин тодорхойлох” тухай мэдэгдэл нь Хойд Солонгос Украин дахь дайн болон Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс тодорхой сургамж авч буйг харуулж байна гэж тайлбарласан байна. Үүнд дрон ашиглалт, өндөр нарийвчлалтай цохилт, цахим дайн зэрэг шинэ төрлийн байлдааны арга барилууд багтаж байгаа аж.

Эх сурвалж: REUTERS