“Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн суллахаар болжээ. Ингэхдээ Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг нь хязгаарлах шийдвэр гаргасан байна. Тодруулбал,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс Б.Баатарыг 2026 оны аравдугаар сарын 5-наас эхлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Түүний өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүх 2026 оны аравдугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхөөр шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааны үеэр хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, өмгөөлөгчдийн хүсэлт болон холбогдох материалыг судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасны дагуу талуудад баримт, мэдээлэлтэй танилцах, тайлбар гаргах боломж олгосон байна.
Улмаар яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, 2026 оны аравдугаар сарын 14-нөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахаас сэргийлэх, дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Б.Баатарыг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа вэ?
Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас “Херо энтертайнмент групп” ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах, 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд бусдыг хуурч мэхлэх, бодит байдлыг нуух, итгэлийг урвуулан ашиглах зэргээр төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцохоор заасан байдаг.
Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлогын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, өөрчлөх, шилжүүлэх, ашиглах зэрэг үйлдлийг мөнгө угаах гэмт хэрэгт хамааруулахаар тусгажээ.