"Таван жилийн дараах үр дагавар" булангийн нийтлэлч Адриан Кросс "Оюу толгой"-н ногдол ашиг ба Монгол Улсын 2027 оны төсвийн талаар хөндөн бичжээ. Тус нийтлэлийг бид энэ удаа "БИДНИЙ ТУХАЙ" буландаа онцолж байна.
Монгол Улс урьд өмнө нь нэг ч удаа авч байгаагүй ногдол ашгаа төсөвтөө тусгажээ. УИХ-д өргөн мэдүүлсэн 2027 оны төсвийн төсөлд Оюу толгойгоос авах 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг улсын орлогод тооцсон байна. Энэ нь төсөвт төлөвлөсөн нийт орлогын 7.4 хувьтай тэнцжээ.
Сангийн сайд уг мөнгийг хэрхэн зарцуулахаа олон нийтэд хэдийнэ танилцуулсан байна Үүний нэг их наяд төгрөгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд иргэдийн нэрийн дансаар дамжуулан төвлөрүүлж, үлдсэн хоёр их наяд төгрөгийг урсгал зардалд зарцуулах аж. Үүнд нэн тэргүүнд ахмад настнуудын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин багтжээ.
Гэвч ногдол ашиг төлөх ёстой компани "Уг 3 их наяд төгрөг бол Засгийн газрын санал болгож буй дүн болохыг мэдэгдсэн. Бодитойгоор хэдий хэмжээний ногдол ашиг хуваарилахыг тухайн жилийн эцсийн санхүүгийн үр дүн болон бэлэн мөнгөний боломжид тулгуурлан шийдвэрлэх шаардлагатай" гэжээ.
Энэ төсвийн тооцооны цаана нэгэн хэлэлцээр бий. Есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар болон Rio Tinto компани Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд 17 жилийн дараа анх удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Сангийн сайд З.Мэндсайхан "Есдүгээр сарын 24-нд мэдэгдэхдээ, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох ногдол ашгийг 2037 оноос эхлэн олгохоор байсан хугацааг 2027 он болгон наашлуулсан" гэжээ. Төрийн 34 хувийн эзэмшлийг "Эрдэнэс Оюу толгой" компаниар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд Сангийн сайд уг хэлэлцээг удирдсан ажлын хэсгийг ахалж байв.
Гэвч Оюу толгойн 2026 оны санхүүгийн тайлан 2027 онд л гарах аж. Ногдол ашгийг яг ямар аргачлалаар тооцож, хэдий хэмжээгээр хуваарилах асуудлыг хамтарсан ажлын хэсэг одоо ч эцэслэн шийдвэрлээгүй байна.
УИХ-ын хэлэлцүүлгийг маргааш нь эхлүүлсэн 2027 оны төсөв энэ ногдол ашгийг орж ирнэ гэсэн тооцоонд үндэслэжээ.
Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийн талаарх мэдээллээр, улсын нийт орлогыг 40.7 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35.3 хувь, нийт зарлагыг 43 их наяд төгрөг буюу ДНБ-ий 37.3 хувь байхаар төлөвлөсөн байна. Төсвийн алдагдал 2.3 их наяд төгрөг байх бөгөөд ДНБ-ий 2.0 хувьтай тэнцүүлэхээр тооцжээ.
Улсын орлого өмнөх төлөвлөгөөнөөс 6.5 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр байгаа аж. Үүний 3.5 их наяд төгрөг нь төрийн өмчит компаниудын ногдол ашгаас, үлдсэн 3 их наяд төгрөг нь Оюу толгойгоос авах ногдол ашгаас бүрдэх юм. Харин орлогын энэхүү өсөлтөөс 2.9 их наяд төгрөгийг тэтгэвэрт, 2.6 их наяд төгрөгийг төрийн албан хаагчдын цалин хөлсөнд зарцуулахаар төлөвлөжээ.
Оюу толгойн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх компани ногдол ашиг хуваарилахаас өмнө биелүүлэх ёстой гурван үндсэн нөхцөлийг нэрлэсэн байна. Үүнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж ашигтай ажиллах, мөнгөн урсгалаа тогтвортой хадгалах, уурхайг аюулгүй бөгөөд үр ашигтай ажиллуулах зэрэг багтжээ.
Тэрбээр мөн ногдол ашгийн шийдвэрт нөлөөлөх өөр нэг тал бийг онцолсон нь зээлдүүлэгчид аж. Уг нь зээлээ эргэн төлөхөд зориулагдах ёстой байсан мөнгийг ногдол ашиг болгон тараавал зээлдүүлэгчид таатай хүлээж авахгүй. Иймээс компани зээлдүүлэгчидтэйгээ хэлэлцээ хийх шаардлагатай гэжээ.
Харин "Эрдэнэс Оюу толгой" компанийн удирдлага Б.Тэлмүүн 3 их наяд төгрөгийг "Засгийн газрын санал, тавьж буй зорилт" гэж тодорхойлсон байна. Ногдол ашгийн бодит хэмжээг шийдвэрлэхдээ жилийн эцсийн санхүүгийн үр дүн, бэлэн мөнгөний үлдэгдэл болон бусад олон үзүүлэлтийг харгалзан үзэх аж.
Хуульд заасан зарчим ба түүнийг тойрч гарах оролдлого
Асуудлын гол зангилаа нь 2024 оны дөрөвдүгээр сард батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд байна. Уг хуулиар стратегийн ач холбогдол бүхий ордууд дахь төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр зохицуулсан. Хуримтлалын сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сангийн хамт Үндэсний баялгийн санг бүрдүүлдэг гурван сангийн нэг юм.
Хуримтлалын санд төвлөрсөн хөрөнгийг иргэн бүрийн нэрийн дансанд бүртгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хэрэгцээнд зарцуулахаар хуульчилжээ. Тус хуулийн 12 дугаар зүйлд сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглосон төдийгүй гурван сангийн хооронд хөрөнгө шилжүүлэхийг ч хориглосон байдаг.
Сангийн сайдын зарласан нэг удаагийн тусгай хууль нь энэ зохицуулалтыг тойрч гарах арга зам болж байна. Сайдын өөрийнх нь тайлбарласнаар, Оюу толгойн ногдол ашиг нь тогтвортой, байнгын төсвийн орлого биш. Иймээс ирээдүйн төсвүүдэд дарамт учруулахгүйн тулд тусгай хууль боловсруулж байгаа аж.
Гэвч энд нэг том зөрчил бий. 2024 оны хуулиар иргэдийн нэрийн дансанд төвлөрөх ёстой мөнгөний гуравны хоёр нь буюу хоёр их наяд төгрөг нь жил бүр давтагдан гарах урсгал зардалд зарцуулагдахаар байна. Өөрөөр хэлбэл, уг төлбөрийг онцгой, нэг удаагийн орлого гэж тодорхойлж байгаа атлаа түүгээр тэтгэвэр, цалин зэрэг жил бүр төлөх ёстой зардлыг санхүүжүүлэх аж.
Тэрхүү зарцуулалтыг зөвшөөрөх тусгай хууль нь өөрөө энэ орлогыг онцгой шинжтэй гэж үзэж буйн зэрэгцээ түүнийг байнгын зардлын эх үүсвэр болгох боломж нээж буй юм байна.
Монгол Улс нүүрсний салбарт үүнтэй төстэй жишээг өмнө нь хэрэгжүүлж байв. "Эрдэнэс Тавантолгой" компанийн ногдол ашгийг зэсийн ногдол ашгийн асуудлыг шийдвэрлэхээс өмнө тэтгэвэрт зарцуулж байсан.
Сангийн сайдын зарласан мөнгөний хуваарилалт ч энэ жишгийг дагаж байгаа бөгөөд 2024 оны хуулийн зохицуулалтыг түр хойш тавьж байна. Гэхдээ нүүрсний ногдол ашгийг зарцуулах үед мөнгө нь бодитоор орж ирсэн байсан. Харин зэсийн ногдол ашгийн хувьд тийм биш юм.
Зэсийн үнэ, шатахууны үнэ ба төсвийн эрсдэл
Энэ намрын үйл явдлууд ийм төрлийн төсвийн орлого эрсдэлтэй нөхцөлд хэрхэн өөрчлөгдөж болохыг харуулж байна. 2026 оны төсвийн тодотголыг УИХ есдүгээр сараас хэлэлцэж эхэлсэн боловч нийтлэл бичигдэх үед буюу энэ долоо хоногт ч батлаагүй хэвээр байв. Эрх баригч Монгол Ардын Нам тодотголыг аравдугаар сарын 20 гэхэд батлуулахаа амлажээ.
Аравдугаар сарын 12-ны даваа гарагт шатахууны үнэ литр тутамдаа 500–550 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдын тайлбарласнаар, ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ өмнөх сарынхаас тонн тутамдаа 190 ам.доллароор өссөн нь дотоодын жижиглэнгийн үнэд нөлөөлжээ. Тухайн үед Монгол Улсын АИ-92 бензиний нөөц 14 хоног, дизель түлшний нөөц 31 хоног байв.
Шатахууны үнэ литр тутамдаа хэдэн зуун төгрөгөөр өөрчлөгдөж буй энэ үед нэг компанийн бэлэн мөнгөний боломжид түшиглэсэн төсөв нь Улаанбаатар өөрөө тогтоодоггүй хоёр үнээс хамааралтай болж байна. Тэдгээр нь зэсийн үнэ болон Оросын шатахууны үнэ юм.
Эцсийн дүнд зэсийн үнэ шийдвэрлэх үүрэгтэй. Оюу толгойн есдүгээр сард мэдээлснээр, 2026 оны эхний найман сарын орлого 5.5 тэрбум ам.долларт хүрсэн нь төлөвлөсөн 3.6 тэрбум ам.доллароос давжээ. Зэсийн үйлдвэрлэл ч төлөвлөгөөнөөс өндөр байсан байна.
Гэвч орлого гэдэг бол санхүүгийн тайлангийн дээд хэсэгт бичигддэг үзүүлэлт юм. Харин ногдол ашиг болгон хуваарилж болох бэлэн мөнгө тайлангийн доод хэсэгт буюу зардал, бусад төлбөрийг тооцсоны дараа үлддэг.
Зэсийн үнэ өссөн жилд ийм тооцоо нааштай харагдаж болно. Харин үнэ буурсан жилд яг эсрэгээрээ эргэх боломжтой. Ногдол ашиг гэдэг нь үйл ажиллагааны зардал, зээлдүүлэгчдийн өмнөх үүрэг, уурхайн өөрийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлсний дараа үлдсэн мөнгөнөөс олгодог төлбөр юм.
2024 оны хуулийг чухам ийм эрсдэлийг тооцож боловсруулсан. Зэсийн үнээс шалтгаалан өөрчлөгдөж байдаг орлогыг жил бүр тогтмол гарах төсвийн зардлын эх үүсвэр болгохоос сэргийлэх зорилготой байжээ.
2031 он гэхэд Монгол Улс ямар замаар явах вэ?
Зохиогчийн үзэж буйгаар, ирэх таван жилд Монгол Улсын өмнө гурван боломжит хувилбар байгаа аж. Үүнд:.
Нэгдүгээр хувилбар: Ногдол ашиг бүрэн орж ирж, түр зохицуулалт байнгын жишиг болно. 2027 онд Оюу толгойгоос 3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ногдол ашиг буюу түүнтэй ойролцоо дүн бодитоор орж ирнэ.
Үүний дараа нэг удаагийн тусгай хууль жил бүр давтагддаг зохицуулалт болон хувирна. Жил бүрийн ногдол ашгийн хэмжээ уурхайн бэлэн мөнгөний боломж, зэсийн үнээс хамаарч, тэтгэвэр болон бусад зардлын санхүүжилт ч мөн үүнээс шалтгаалдаг болно.
Хоёрдугаар хувилбар: Ногдол ашиг төлөвлөснөөс бага орж ирж, төсвийн цоорхой үүснэ. Компанийн жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээр ногдол ашиг бага байвал Хуримтлалын санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн нэг их наяд төгрөгийг шилжүүлж болох ч урсгал зардлыг санхүүжүүлэхээр тооцсон мөнгө хүрэлцэхгүйд хүрнэ. Иймд тэтгэвэр, цалин зэрэг зардлыг санхүүжүүлэхийн тулд нэмэлт зээл авах шаардлага үүсэж болзошгүй.
Энэ бүхэн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьд барих зорилтын хүрээнд өрнөнө. Үүний зэрэгцээ парламент тухайн жилийн төсвийн тодотголыг бүтэн сарын турш баталж чадахгүй байгааг нийтлэлд сануулжээ.
Гуравдугаар хувилбар: УИХ өөрийн баталсан хуулийг мөрдөж, ногдол ашгийг иргэдэд зориулсан дансанд бүрэн төвлөрүүлнэ.
Энэ тохиолдолд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг 2024 оны хуульд заасны дагуу иргэдийн нэрийн дансанд бүхэлд нь төвлөрүүлнэ. Харин тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг татварын орлогоос санхүүжүүлэх шаардлагатай болно. Энэ бол хуулиар заасан зарчимд нийцэх хувилбар юм. Гэвч 2027 оны төсвийн төсөл энэ замыг сонгоогүй байна.
Зэс газрын хэвлийд бий, хэлэлцээр ч байгуулагдсан. Энэ нь Монгол Улсын хувьд жилийн өмнөхтэй харьцуулахад бодит ахиц мөн. Гэвч ногдол ашгийг тооцох аргачлалыг ажлын хэсэг одоо ч эцэслээгүй байна.
Хамгийн чухал нь, зэсийн үнэ өөрчлөгдөхөд уурхайн болон Сангийн яамны тооцоо зөрөх нөхцөлд бодит ногдол ашгийн хэмжээг хэн тогтоох вэ гэдэг асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Түүнчлэн төсвийн тодотголоо нэг сарын дотор баталж чадахгүй байгаа парламент өөрийн төсөвт хэдийнэ тусгаж, зарцуулахаар төлөвлөсөн мөнгөнөөс бага ногдол ашиг орж ирвэл яах вэ гэдэг асуулт нээлттэй үлджээ.
2031 он гэхэд Хуримтлалын сангийн иргэдийн нэрийн дансууд нэг чухал асуултын хариуг харуулна. Анхны ногдол ашиг үнэхээр тухайн иргэдэд хүрсэн үү, эсвэл дараагийн төсвийн мөчлөг рүү шилжих замдаа төсвөөр дамжин урсан өнгөрсөн үү?
Эх сурвалж: CENTRAL ASIA WIRE