АИ-92 автобензиний үнэ өнөөдөр өглөө (2026.10.12) литр тутамдаа 560 төгрөгөөр нэмэгдэж, өмнө нь 3040 төгрөгөөр борлуулагдаж байсан шатахууны үнэ 3600 төгрөгт хүрлээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өнөөдөр 14:00 цагт үнийн өсөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны хомсдол дэлхий нийтэд үүсээд байгаа нь Монгол Улсад мөн нөлөөлж, аж ахуйн нэгжүүд болон иргэдэд хүндрэл учруулж буй талаар онцоллоо.
Тэрбээр хэлэхдээ, Монгол Улс аравдугаар сард нийт 78 мянган тонн шатахуун импортлохоор төлөвлөсөн бөгөөд ОХУ-тай байгуулсан тогтвортой байдлын гэрээний дагуу шатахуунаа нийлүүлэн авдаг. Гэвч ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дэлбэрэлт гарснаас шалтгаалан шатахууны нийлүүлэлтэд хүндрэл үүсэж, үнэ нэмэгдсэн байна.
Тухайлбал, энэ сард нийлүүлэгдэх шатахууны үнэ өмнөх сарынхаас тонн тутамдаа 190 ам.доллароор өсжээ. Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд шатахууны үнээ нэмсэн байна.
Дэд сайдын мэдээлснээр, хамгийн түрүүнд шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох шаардлагатай байгаа аж. Түүнчлэн энэ оны арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сард Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээ буурах төлөвтэй байгаа тул нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ, Сингапур, Өмнөд Солонгос, Малайз зэрэг улстай шатахуун нийлүүлэх асуудлаар хэлэлцээ хийж байгаа аж.
Одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүд АИ-92 автобензиний үнийг литр тутамдаа 500–550 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь ОХУ-аас импортолж буй шатахууны үнэ өссөнтэй шууд холбоотой гэж Б.Мөнхтамир тайлбарлав.
Мөн ОХУ өөрийн дотоодын зах зээлд шатахууны хомсдолд орсон тул Монгол Улсад шаардлагатай хэмжээгээр нийлүүлэх боломж хязгаарлагдаж байгаа ч тодорхой хэмжээний нийлүүлэлт хийсээр байгааг дурдлаа. ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнийг Санкт-Петербургийн олон улсын биржийн үнэд үндэслэн тогтоодог байна.
Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор Монополын эсрэг газарт хяналт шалгалт хийх үүрэг өгсөн бөгөөд үнийн нэмэгдлийн шалтгаан, үндэслэлийг шалгахаар болжээ.