Дональд Трамп бямба гарагт Үндэсний аюулгүй байдлын багийнхаа өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Ирантай холбоотой дайн болон цаашдын алхмуудын талаар хэлэлцсэн гэж CNN-д эх сурвалж мэдээлжээ. Энэ уулзалт Трамп өмнөх өдөр нь “Тегеран хурдан хөдөлж эхлэх хэрэгтэй, эс тэгвээс тэднээс юу ч үлдэхгүй” гэж мэдэгдсэний дараа болсон байна.

Трамп ням гарагт олон нийтийн сүлжээнд “Ираны хувьд цаг явж байна. Тэд маш хурдан хөдөлж эхлэх ёстой, эс тэгвээс тэднээс юу ч үлдэхгүй. ЦАГ ХУГАЦАА ЧУХАЛ!” гэж бичжээ.

Трампын Виржиниа муж дахь гольф клубт болсон энэхүү уулзалтад АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф болон тусгай элч Стив Уиткофф нар оролцсон байна. Уг уулзалт Трамп Хятадад хийсэн өндөр түвшний айлчлалаас Вашингтонд буцаж ирснээс хэдхэн цагийн дараа болсон гэж эх сурвалж мэдээлжээ. Хятад улс Ирантай ойрын харилцаатай орон юм.

Трамп сүүлийн үед Тегераны хэлэлцээний хандлагад улам дургүйцэж, мөн Ормузын хоолой хаалттай хэвээр байгаа нь дэлхийн нефтийн үнэд нөлөөлж байгаад бухимдаж байна гэж Цагаан ордон мэдээлжээ. Цагаан ордон энэ талаар тайлбар өгөх хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.

Трамп болон түүний баг Бээжинд хийсэн айлчлалынхаа үеэр Ираны асуудлаар шийдвэр гаргалгүй түр хойшлуулсан. АНУ-ын хэд хэдэн албан тушаалтан CNN-д хэлэхдээ, тэд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн хэлэлцээ хэрхэн өрнөхийг харж байгаад цаашдын чиглэлээ тодорхойлохоор шийдсэн гэжээ.

Сүүлийн өдрүүдэд Трамп Ираны эсрэг томоохон цэргийн ажиллагааг дахин эхлүүлэх талаар илүү нухацтай авч үзэж буй аж. Энэ нь тэднийг хэлэлцээний ширээнд оруулах шахалтын нэг хэлбэр гэж CNN өмнө нь мэдээлсэн. Гэхдээ тэрбээр мөргөлдөөнийг дипломат аргаар шийдэхийг илүүд үзсэн хэвээр байгаа аж.

Трамп энэ долоо хоногийн эхээр Үндэсний аюулгүй байдлын багтайгаа дахин уулзаж, дайны асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна гэж эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалжууд "Пентагон хэдийнэ Иран руу цэргийн цохилт өгөх боломжит төлөвлөгөөнүүдийг боловсруулсан байна. Үүнд, эрчим хүч болон дэд бүтцийн байгууламжуудыг онилох нарийвчилсан цохилтууд багтсан" гэж мэдээлсэн байна.

Axios энэ бямба гаргийн уулзалтыг анх мэдээлжээ.

Трамп ням гарагт Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярьсан гэж түүний төлөөлөгч болон АНУ-ын нэгэн албан тушаалтан CNN-д мэдээлсэн байна.

Ираны талаас харахад, өндөр албан тушаалтнууд ухрахад бэлэн байгаа шинж одоогийн байдлаар илрээгүй байгаа аж. Ираны хэвлэлүүдэд мэдээлснээр, Пакистаны Дотоод хэргийн сайд Мохсин Накви Ираны өндөр албан тушаалтнууд, тэр дундаа Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай уулзсан гэжээ. Пакистан Улс АНУ-Ираны энхийн яриа хэлэлцээнд гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Эдгээр уулзалтын үеэр Ираны тал АНУ-ын Ойрхи Дорнод дахь оролцоо бүс нутгийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж байна гэж мэдэгджээ. Мөн Ирантай холбоотой Tasnim News Agency-ийн мэдээлснээр, Пезешкиан АНУ болон Израиль исламын орнуудыг хооронд нь хагаралдуулахыг оролддог гэж хэлсэн ч Иран бүс нутгийн орнуудтай “сайн хөршийн харилцаанд тулгуурласан тогтвортой, үнэнч харилцаа”-г эрмэлзэж байна гэж онцолсон байна.

Эх сурвалж: CNN