Нүүрсний баялагтай байна гэдэг нэг хэрэг. Харин тэр баялгаа дотооддоо боловсруулж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, үндэсний инженерүүдийн мэдлэг, дотоодын компаниудын чадавхыг хөгжүүлж, орон нутагт ажлын байр, дэд бүтэц бий болгоно гэдэг өөр хэрэг. Үүн дээр усны нөөцөө хэмнэх, эвдэрсэн газраа нөхөн сэргээх, байгаль орчиндоо урт хугацааны хөрөнгө оруулалт хийх шаардлага нэмэгдэнэ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Ухаа худаг нүүрсний орд энэ бүхнийг нэг дор авч үзэх боломжтой жишээ юм. 2009 онд бүтээн байгуулалт нь эхэлсэн тус төсөл өнөөдөр ил уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн байгууламж, засвар үйлчилгээ, сургалтын төв, ажилтнуудын орон сууц зэрэг олон хэсгээс бүрдсэн аж үйлдвэрийн цогцолбор болон хөгжжээ.

“Энержи Ресурс” компанийн мэдээллээр 2009-2025 онд төслийн хүрээнд 1.4 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт хийж, татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэгт 3 их наяд төгрөгөөс дээш дүнг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.

Мөн уурхайтай холбоотой шууд болон шууд бус ажлын байр, дотоодын ханган нийлүүлэгчдийн сүлжээ, орон нутгийн дэд бүтцийг бий болгосон нь төслийн эдийн засгийн нөлөөллийн нэг хэсэг ажээ.

Гэхдээ уул уурхайн төслийг зөвхөн олборлосон нүүрсний хэмжээ, экспортын орлогоор дүгнэхэд хангалтгүй. Үйлдвэрлэлээс Монголд ямар үнэ цэн үлдэж байна вэ, говийн усны нөөцөд хэрхэн нөлөөлж байна вэ, орон нутгийн иргэдэд ямар бодит өгөөж хүрч байна вэ гэдэг асуултыг хамтад нь тавих учиртай.

Монгол инженерүүдийн байгуулсан 18 мегаваттын цахилгаан станц

Өмнийн говьд илч, гэрлийг түгээж буй Ухаа худаг цахилгаан станцыг танилцуулж байна

Ухаа худагийн бүтээн байгуулалт эхэлснээс хойш хоёр жилийн дараа буюу 2011 онд 18 мегаваттын цахилгаан станц ашиглалтад оржээ. “Энержи Ресурс”-ын 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан уг станцын бүтээн байгуулалтад үндэсний 120 компанитай хамтран ажилласан байна. Энэхүү станцын ажилд дотоодын 1,500 гаруй хүн оролцжээ.

Тус станц говийн нөхцөлд тохирсон, агаарын урсгалаар хөргөх технологи ашигладгаараа онцлог аж. Компанийн танилцуулснаар, ийм шийдэл нь усаар хөргөдөг уламжлалт системтэй харьцуулахад хөргөлтийн усны хэрэглээг 4-5 дахин бууруулах боломжтой аж. Усны нөөц хязгаарлагдмал бүсэд эрчим хүч үйлдвэрлэхдээ усны хэрэглээг хязгаарлах нь үйлдвэрлэлийн технологийн чухал сонголт юм.

Станц нь нүүрсний аж үйлдвэрийн цогцолборын цахилгаан хангамжийг хангахаас гадна үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлдэг. Компанийн төлөөлөгч өвлийн оргил ачааллын үед станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал улсын эрчим хүчний ачааллын ойролцоогоор нэг хувийг хангах боломжтойг тайлбарлав.

Мөн станц ашиглалтад орсноор 118 сая ам.долларыг дотоодод үлдээжээ. Үүнийг 2025 онд Монгол Улс хоёр хөршөөсөө цахилгаан импортлоход төлсөн 216 сая ам.долларын дүнтэй харьцуулахад эрчим хүчний дотоодын эх үүсвэрийн эдийн засгийн ач холбогдол харагдаж буй юм. 

Монгол Улсад нүүрсний ордуудыг түшиглэсэн цахилгаан станцын төслүүд олон жил яригдсаар ирсэн. Орон нутгийн эзэмшлийн “Тавантолгой” ХК нүүрс баяжуулах үйлдвэргүй учраас өөрийн үйлдвэрлэлийн цогцолборын хүрээнд цахилгаан станц байгуулаагүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцын санаачилга санхүүжилт, тендерийн маргаан зэрэг шалтгаанаар олон жил хойшилсон билээ.

Ухаа худагийн станцын зураг төслийн ашиглалтын хугацааг 50 жилээр тооцсон гэж компанийн төлөөлөгч тайлбарласан юм. Гэхдээ станцын бодит ашиглалтын хугацаа тоног төхөөрөмжийн элэгдэл, засвар үйлчилгээ, шинэчлэл, найдвартай ажиллагаанаас хамаарах нь.

Монгол инженерүүд Гурав, Дөрөвдүгээр цахилгаан станцыг олон жил засварлан, анх төлөвлөсөн хугацаанаас нь урт ашиглаж ирсэн. Энэ утгаараа Ухаа худагийн станцын ашиглалтын хугацааг уртасгах боломж ч мөн техникийн арчилгаа, хөрөнгө оруулалтаас хамаарах аж.

Тоног төхөөрөмжийн сонголтын хувьд генератор зэрэг зарим тоноглолыг БНХАУ-ын “CWPС” компанийн, зуух, турбинтай холбоотой тоног төхөөрөмжийг “Hangzhou Steam Turbine” компанийн бүтээгдэхүүнээр хангажээ. Сонголт хийхдээ үнэ болон найдвартай ажиллагааг харгалзсан байна.

Энэ станцын ач холбогдол нь зөвхөн 18 мегаватт цахилгаан үйлдвэрлэж буйд бус, монгол инженерүүдийн оролцоо, үндэсний компаниудын хамтын ажиллагаа, орон нутгийн үйлдвэрлэлийн эрчим хүчний хэрэгцээг нэг дор холбосонтой холбоотой ажээ.

Жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр

Энержи ресурс компани 7 жилд 40 сая тонн нүүрс олборлосон шинэ амжилт тогтоолоо -

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр жилд 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэр 24 цагаар, хоёр ээлжээр ажилладаг бөгөөд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааг автомат удирдлагын системээр хянадаг. Үйлдвэрийн дарга Ш.Очбаярын хэлснээр, үйлдвэрлэлийн системийг компьютерын удирдлагаар ажиллуулж, шаардлагатай үед зогсоох боломжтой аж.

Энэ нь нүүрсийг уурхайгаас олборлоод шууд борлуулахын оронд чанар, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн боловсруулах үйлдвэрлэлийн шат нэмэгдсэн гэсэн үг. Үйлдвэрт уурхайгаас олборлосон өөр өөр чанарын нүүрсийг хооронд нь хольж, боловсруулдаг. Ингэснээр зөвхөн хамгийн сайн чанарын нүүрсийг сорчлон гаргах бус, олборлосон нүүрсний шинж чанарыг харгалзан бүтээгдэхүүний чанарыг тохируулах боломж бүрддэг байна.

Баяжуулах үйлдвэрээс гангийн үйлдвэрлэлд ашиглах коксжих нүүрс болон бусад хэрэглэгчдэд зориулсан эрчим хүчний нүүрс нийлүүлдэг. Баяжуулалтын явцад нүүрсний найрлага, үнслэг, чийг, чулуулгийн хольц зэрэг үзүүлэлтийг харгалздаг тул түүхий эдийн шинж чанараас шалтгаалан эцсийн бүтээгдэхүүний гарц харилцан адилгүй байдаг аж.

Өөрөөр хэлбэл, 10 сая тонн нүүрс боловсрууллаа гэхэд заавал 9 сая тонн бүтээгдэхүүн гарна гэсэн тогтмол харьцаа байхгүй. Нүүрсний чанар, баяжуулах технологи, бүтээгдэхүүний шаардлагаас хамааран гарц өөрчлөгддөг байна.

Үйлдвэрийн төлөөлөгч нүүрсэн дэх үнслэг 20-30 хувьд хүрсэн тохиолдолд баяжуулалтын дараа ойролцоогоор 10 хувь болгон бууруулах боломжтойг тайлбарлав. Үнс, шороо, шаврын хольцыг ялган, хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн гаргах нь нүүрсэнд нэмүү өртөг шингээж буй нэг хэлбэр юм.

Нүүрс баяжуулах үйлдвэрүүд нойтон болон хуурай технологи ашигладаг. Нойтон баяжуулалтын үед ус хэрэглэдэг бол хуурай технологи нь ус ашиглахгүйгээр ялган боловсруулах зарчимд тулгуурладаг. Ухаа худагийн үйлдвэрийн хувьд усны хэрэглээ, дахин ашиглалт нь үйлдвэрлэлийн технологийн чухал хэсэг болжээ.

Компанийн мэдээллээр, тус үйлдвэр 2011-2025 онд 80 сая тонноос давсан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна.

Ухаа худаг нь Монгол Улсад нүүрс баяжуулах үйлдвэрийн томоохон үйлдвэрлэлийн жишгийг эхлүүлсэн төслүүдийн нэг юм. Тус үйлдвэрийг байгуулсны дараа Нарийн сухайтын ордыг түшиглэсэн баяжуулах үйлдвэр хөгжиж, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны сүүлээр нойтон аргаар баяжуулах үйлдвэрийнхээ эхний хэсгийг ашиглалтад оруулжээ.

Монгол Улс нүүрсний нөөц ихтэй ч түүхий эдийг дотооддоо боловсруулах хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх шаардлага хэвээр буй. Нүүрс баяжуулалт нь энэ чиглэлийн нэг шат бөгөөд дараагийн зорилго нь технологийн мэдлэг, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, нүүрс-химийн боловсруулалт зэрэг нэмүү өртөг өндөртэй салбаруудыг хөгжүүлэх юм.

Говийн усны үнэ цэн: 95 хувийн дахин ашиглалт

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ -

Говийн бүсэд усны асуудал үйлдвэрлэлийн нэг үзүүлэлтээр хязгаарлагдахгүй. Ус нь уурхай, мал аж ахуй, суурьшлын бүс, хүн амын эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдалтай холбоотой стратегийн нөөц юм.

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэрт усны 95 хүртэлх хувийг дахин ашигладаг гэж компанийн төлөөлөгч мэдээлсэн юм. Тэрбээр "Үлдсэн хэсгийн тодорхой хэмжээ нь нүүрсний чийгтэй холбоотойгоор бүтээгдэхүүнтэй хамт гардагэ гэж тайлбарлав. Компанийн 2024 оны тогтвортой хөгжлийн тайланд 748,355 шоо метр ус дахин ашигласныг тэмдэглэжээ.

Монгол Улсад жилд хэрэглэдэг нийт усны 0.7 хувьтай үйлдвэрийн усны хэрэглээ тэнцдэг байна. Гэхдээ энэ үзүүлэлтийг зөв үнэлэхийн тулд ямар төрлийн усны хэрэглээг улсын нийт хэрэглээнд хамруулсан, тооцоог ямар хугацаанд хийсэн, үйлдвэрийн нийт татан авалт болон эргүүлэн ашигласан усыг хэрхэн ялгасныг тодорхой болгох шаардлагатай аж. 

Компанийн мэдээллээр, усны үр ашгийн менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхлүүлж, ISO 46001:2019 усны үр ашгийн менежментийн стандартыг хэрэгжүүлсэн байна. Үүнд зөвхөн үйлдвэрийн усны хэрэглээ бус, унд ахуйн усны хэрэглээ, гадаргууд хуримтлагдсан усны ууршилт, бороо болон үерийн усыг буцаан ашиглах боломж зэрэг асуудлыг авч үзжээ.

Усны үр ашгийг бодитоор үнэлэх хамгийн ойлгомжтой арга нь жил бүрийн нийт усны хэрэглээ, дахин ашигласан хэмжээ, эх үүсвэр болон мониторингийн үр дүнг тогтмол тайлагнах юм.

Говийн хатуулаг ихтэй усыг цэвэршүүлж, иргэдэд хүргэж байна

Цогтцэций сумын гүний ус хатуулаг ихтэй тул шууд унданд хэрэглэхэд тохиромжгүй. “Энержи Ресурс” компани ус цэнгэгшүүлэх үйлдвэрээ өргөтгөхөд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гүний усны хатуулгийг бууруулан сумын иргэдэд хүргэдэг болжээ.

Компанийн тайлбараар, Цогтцэций сумын иргэд, аж ахуйн нэгжүүдийг нүүрсээр үнэ төлбөргүй хангадаг бөгөөд энэ хүрээнд жилд ойролцоогоор таван тэрбум төгрөгийн нүүрс нийлүүлдэг байна.

Үйлдвэрийн дэд бүтэц хариуцсан захирал Ч.Энхбат “Баяжуулах үйлдвэрт 95 хувийн усыг дахин ашигладаг. Үлдсэн 5 хувийг юунд  алдаж байна гэхээр нүүрс өөрөө чийгтэй гарч ирдэг. Монгол Улсад жилд хэрэглэж байгаа нийт усны 0.7 хувийг манай үйлдвэрийн ус эзэлдэг. Усны үр ашигтай хэрэглээгээрээ бид Азид жишиг болсон.  

Бид хоёр жилийн өмнөөс бэлтгэлээ эхэлж, ISO46000 усны үр ашгийн стандартыг Монгол Улсад анх удаа хэрэгжүүллээ. Зөвхөн үйлдвэрт хэрэглэсэн ус биш, унд ахуйн ус хэрэглээгээ ч бууруулж, гадаргууд цуглуулсан усны ууршилтыг яаж хамгаалсан, ууршилтыг яаж хэмжив, усыг яаж дахин ашиглав, бороо, үерийн усыг яаж буцааж ашиглав гэдгээ баталж, стандартын гэрчилгээ авсан” гэв.

 Энэ үйлдвэрийн нүүрсээр Цогтцэций сумын иргэд, ААН-үүдийг үнэгүй хангадаг, жилд 5 орчим тэрбум төгрөгийн нүүрсийг орон нутагт өгдөг байна.  

Мөн тэрбээр "Говийн ус хатуулаг ихтэй. Иймд хүн шууд уухад тохиромжгүй тул “Энержи ресурс” компани нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, ус цэнгэгшүүлэх үйлдвэрээ өргөтгөсөн. Гүний усны хатуулгийг шүүгээд, сумын иргэдэд хүргэдэг.  

Ухаа худаг нь нүүрсний ил уурхай. Өнөөдрийн байдлаар 140 машин техниктэй ажиллаж байна. Уурхайг 15 дахь жилдээ ашиглаж байгаа тул хөрс хуулалтын ажил маш ихийг хийх шаардлагатай. Тэр хэрээр өртөг ихтэй" гэв.  

140 машин техник ажиллаж буй ил уурхай: Хөрс хуулалтын өртөг ба нөхөн сэргээлт

Inside Mongolia’s Mining Royalty Reform: How a Tax Change Nearly Unseated the Prime Minister

Ухаа худагийн ил уурхайд 140 машин техник ажиллаж байгаа аж. Ил уурхайн олборлолт нь зөвхөн нүүрс ухаж гаргах ажиллагаа биш бөгөөд нүүрсний давхаргад хүрэхийн тулд дээд хэсгийн хөрс, чулуулгийг хуулж, шилжүүлэн байрлуулах шаардлагатай аж.

Уурхай олон жил ашиглагдах тусам олборлолтын талбайн төлөвлөлт, хөрс хуулалт, тээвэрлэлтийн зай, тоног төхөөрөмжийн ашиглалт зэрэг нь үйлдвэрлэлийн өртөгт нөлөөлдөг байна.

Ухаа худагийг 15 дахь жилдээ ашиглаж байгаа тул хөрс хуулалтын ажил их, түүнтэй холбоотой зардал өндөр байдаг байна. Энэ нь ил уурхайн эдийн засгийн нэг онцлог бөгөөд нүүрс олборлохын тулд нүүрс агуулаагүй хөрс, чулуулгийг ч мөн хөдөлгөх шаардлагатай аж.

Нөгөө талаас, олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажил үйлдвэрлэлийн төлөвлөгөөтэй зэрэгцэн явах учиртай. Ухаа худагт овоолгын гадаргыг шимт хөрсөөр хучих, ургамалжуулах, уурхайн эргэн тойронд бут сөөг тарих зэрэг ажил хийгдэж буй юм байна.

Компанийн 2024 оны тогтвортой хөгжлийн тайланд 10 га талбайд нөхөн сэргээлт хийсэн гэж мэдээлсэн бол 2025 оны тайланд мөн 10 га талбайд шимт хөрсний нөхөн сэргээлт хийсэн талаар дурджээ.

“Мод тариагүй бол 70 сантиметр элс сум руу нүүх байсан”

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулсан ойн зурвас 12,000 гаруй модтой болжээ

Уурхайн үйлдвэрлэлийн байгууламжуудтай танилцсаны дараа сурвалжилгын баг мод үржүүлгийн талбайд очив. Тус талбайг 2011 онд байгуулсан бөгөөд нийт 23 га талбайн долоон га-д хүнсний ногоо тарьдаг байна. Орон нутгийн иргэд хүсэлт гаргаж, газар болон усалгааны боломжоо ашиглан ногоо тарих нөхцөлтэй. Энэ онд 45 өрх бүртгүүлж, талбайд хүнсний ногоо тариалжээ.

Энэ зохион байгуулалт нь мод үржүүлгийн талбайг зөвхөн байгаль орчны зориулалттай байлгахаас гадна орон нутгийн өрхүүдэд хүнсний ногоо тариалах боломж олгож буйгаараа онцлог байлаа.

2011 оноос хойш тус талбайд нийт 12 мянган мод тарьсан гэж компанийн төлөөлөгчид мэдээлэв. Ойн зурваст говийн нөхцөлд тохирох заг, хайлаас, сухай, тоорой зэрэг мод тарьжээ. Гүний худгаас ус татаж, дуслын усалгааны систем ашигладаг бөгөөд усалгааг нэг цагт 16 литр ус дусахаар тохируулсан байна.

Ойн зурвасыг таван га-гаар өргөтгөх хүсэлтэй байсан ч сумын газар зохион байгуулалт, төлөвлөлтийн нөхцөлөөс шалтгаалан нэмэлт газар олгоогүй гэж компанийн мэргэжилтнүүд тайлбарлажээ.

Үүний зэрэгцээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 40 га талбай олгогдож, тэнд 82 мянган мод ургуулсан байна. Тус талбайг Цогтцэций сумын төв рүү чиглэсэн элсний нүүдлийг сааруулах, салхины хамгаалалт бий болгох зорилгоор сумын хойд хэсэгт, салхины дээд талд байршуулжээ.

Компанийн байгаль орчны мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, 2011 оноос хойш мод тарьж, ойн зурвас байгуулаагүй бол сумын төв рүү 70 сантиметр хүртэл зузаан элс нүүх эрсдэлтэй байжээ. 

Говийн бүсэд мод тарихад зөвхөн тарьсан модны тоо чухал биш. Усны хэрэглээ, тухайн газрын хөрс, уур амьсгалд тохирсон зүйл сонгосон эсэх, модны амьдралт, ургалт, арчилгааны зардал, элсний хөдөлгөөнд үзүүлж буй бодит нөлөө зэргийг хамтад нь үнэлэх шаардлагатай.

Компанийн тайланд 2024 онд 99 мянгаас дээш мод, сөөг амжилттай ургуулсан, 2025 онд Өмнөговь, Өвөрхангай, Хэнтий аймагт нийт 126 мянган мод тарьж, арчилж буй аж. Оффис, ажилчдын байр, нүүрс баяжуулах үйлдвэр зэрэг барилга байгууламжийн эргэн тойронд бут сөөг тарьсан нь ч анхаарал татсан юм. 

1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын цаана ямар эдийн засаг бий болов?

Ухаа худагийн эдийн засгийн нөлөөг зөвхөн уурхайд ажиллаж буй хүмүүсийн тоогоор хэмжих боломжгүй. Уурхай, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамжийн системийг тасралтгүй ажиллуулахын тулд тоног төхөөрөмжийн засвар, сэлбэг, тээвэр, лабораторийн шинжилгээ, хоол үйлдвэрлэл, хөдөлмөр хамгаалал, барилга угсралт, мэргэжлийн сургалт зэрэг олон төрлийн үйлчилгээ шаардлагатай.

“Энержи Ресурс”-ийн мэдээллээр, 2026 оны байдлаар тус компанид 2900 орчим үндсэн ажилтан ажиллаж буйгаас 40 орчим хувь нь Өмнөговь аймгийн оршин суугчид аж. Төслийн хүрээнд шууд болон шууд бус ажлын байрыг нийлүүлэн тооцоход 8000 орчим хүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой юм байна. Мөн 2500 гаруй дотоодын аж ахуйн нэгжтэй урт хугацаанд хамтран ажилладаг ажээ.

Ухаа худагийн эдийн засгийн үржүүлэгч нөлөөг MMCG-ийн судалгаанд мөн авч үзсэн нь бий. Уг судалгааны мэдээллээр, компанийн эдийн засагт үзүүлсэн нөлөөллийг 2025 оны байдлаар Монгол Улсын ДНБ-ий ойролцоогоор хоёр хувьтай тэнцэхээр тооцсон байна. Мөн эдийн засгийн үржүүлэгчийн нөлөөг 2.1 гэж үнэлж, компанийн үйлдвэрлэлээс ханган нийлүүлэгчид болон орон нутгийн бизнесүүдэд дамжих нэмэлт нөлөөг тооцжээ. Судалгаанд нийт нөлөөллийг 11,600 ажлын байр гэж тооцсон байна.

Уурхай орон нутагт юу үлдээж байна вэ?

Ухаа худагийн бүтээн байгуулалтын нэг хэсэг нь ажилтнуудын орон сууц, сургууль, цэцэрлэг, усан хангамж зэрэг нийгмийн дэд бүтэц. Компанийн мэдээллээр, “Цэций 1, 2” орон сууцны хороолол нийт 800 айлын багтаамжтай бөгөөд “Уурхайчин” гэр хороолол, “Зузаахай” цэцэрлэг, “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг байгууламжийг байгуулжээ. 2025 онд 166 ажилтан гэр бүлийн хамт “Цэций” хороололд нүүн орсон байна.

Эдгээр бүтээн байгуулалт нь ажилтнуудын тогтвортой суурьшил, боловсролын үйлчилгээ, орон нутгийн дэд бүтцийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж буй аж. 

Нүүрсний салбарын дараагийн шат: Олборлолтоос боловсруулалт руу

Монгол Улсын нүүрсний салбар 104 жилийн түүхтэй. Нүүрсний нөөц арвин ч нүүрс баяжуулалт, нүүрс-химийн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл зэрэг нэмүү өртөг шингээсэн шатанд хүрэх боломж бүрэн ашиглагдаагүй хэвээр байна.

Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усны менежментийн байгууламж нь олборлолтыг бусад үйлдвэрлэлтэй холбосон нэг жишээ юм. Гэхдээ Монгол Улсад ийм цогцолборын тоо, технологийн төрөл, боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт, эрчим хүч, ус, тээвэр ложистик, хүний нөөц, зах зээлийн тогтвортой байдал зэрэг олон нөхцөлийг зэрэг хангах шаардлагатай.

Засгийн газар Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд түшиглэн нүүрс-химийн цогцолбор байгуулах боломжийг судалж буй. 

Ухаа худагийн жишээ Монголын уул уурхайн дараагийн шатанд тавих асуултыг тодорхой болгож байна. Бид зөвхөн нүүрс олборлодог улс хэвээр үлдэх үү, эсвэл баялгаа боловсруулах, технологи эзэмших, үндэсний компаниудаа хөгжүүлэх, инженерүүдээ бэлтгэх, байгаль орчны хариуцлагыг үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болгох чиглэлд урагшлах уу гэдэг юм.

С.МАНДАХ