Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан яг одоо (2026.10.07) болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72.1 дэх хэсэгт заасан “…дутуу…” гэсэн үг Монгол Улсын Үндсэн хуулийн 21.2 дахь хэсгийг зөрчсөн, эсэх маргааныг дахин хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ.
Одоогийн мөрдөж буй зохицуулалтаар сонгогч тухайн тойрогт ногдсон мандатын тооноос цөөн нэр дэвшигчийг сонгосон тохиолдолд саналын хуудас нь бүхэлдээ хүчингүйд тооцогддог. Тухайлбал, гурван мандаттай тойрогт сонгогч гурван нэр дэвшигчээс зөвхөн нэг, эсвэл хоёрт нь санал өгсөн бол саналын хуудас хүчингүй болох зохицуулалттай.
Энэхүү зохицуулалт нь сонгогчийн чөлөөтэй сонгох эрхийг хязгаарласан гэж үзсэн маргааныг Үндсэн хуулийн цэц 2025 оны гуравдугаар сард дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Улмаар дээрх заалт нь Үндсэн хуулийн 21.2 дахь хэсгийг зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, уг заалтын хэрэгжилтийг тухайн өдрөөс нь эхлэн түдгэлзүүлсэн юм.
Гэвч Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхэд олонх нь хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ “чөлөөт сонголт” гэх нэрийн дор зарим тойрог төлөөлөлгүй үлдэх эрсдэлтэйг анхааруулсан бол УИХ-ын гишүүн С.Зулпхар хуулийн уг заалтыг хэлэлцэж байсан үеийн протоколтой танилцаж, зохицуулалтын үндэслэлийг тодруулах шаардлагатай байр суурь илэрхийлж байв.
Ийнхүү УИХ Цэцийн дунд суудлын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбогдуулан уг маргааныг Цэцийн их суудлаар дахин хянан хэлэлцэхээр болсон. Өнгөрсөн аравдугаар сард их суудлын хуралдааныг хийх тов гарсан бөгөөд өнөөдөр ийнхүү маргааныг хэлэлцэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66.2-т зааснаар Улсын Их Хурал Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц их суудлаараа уг асуудлыг дахин хянан хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргана. Их суудлын шийдвэр нь эцсийнх бөгөөд дахин хянан шийдвэрлэх боломжгүй.
Хэрэв Цэцийн их суудал уг маргааныг хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж эцэслэн дүгнэвэл сонгуулийн тухай хуульд буй “дутуу” гэсэн үг хүчингүй болно. Ингэснээр дараагийн УИХ-ын сонгуулиар сонгогч тухайн тойрогт ногдсон мандатын тооноос цөөн нэр дэвшигчийг сонгосон ч саналын хуудас нь бүхэлдээ хүчингүй болохгүй.
Өөрөөр хэлбэл, сонгогч хүсээгүй, эсвэл танихгүй нэр дэвшигчид заавал санал өгөхгүйгээр өөрийн дэмжсэн нэр дэвшигчдээ сонгосон тохиолдолд санал нь хүчинтэйд тооцогдох эрх зүйн боломж бүрдэх юм.