Өнгөрсөн баасан гарагт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд “Хэро интертайнмент”-ийн найруулагч Б.Баатарыг цагдан хорих эсэх асуудлыг хэлэлцсэн.
Улмаар шүүхээс түүнийг цагдан хорих хангалттай үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан юм. Харин прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол буюу эсэргүүцэл гаргасан талаар өмнө нь мэдээлсэн.
Прокурорын гаргасан гомдлыг дахин хянан хэлэлцэж, Б.Баатарыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэжээ. Түүнийг өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн байна.
Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Б.Баатарт нийгмийн хуваагдал, олон нийтийн санаа бодлын туйлшрал бий болгож, хүмүүсийг үзэл бодлоор нь хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх үйлдлийг зохион байгуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Б.Баатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргасан боловч анхан шатны шүүх прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан.
Харин уг шийдвэрийг эс зөвшөөрч прокуророос гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэжээ.
Мөн шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаарх дүгнэлтээ хуульд нийцүүлэн хийгээгүй гэж үзсэн байна.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баатарыг гэмт хэрэг үйлдэх болон гэмт хэргийг төгсгөхтэй холбоотой нөхцөл байдал, баримт мэдээлэл байгаа нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэн, прокурорын гомдлыг хүлээн авч, Б.Баатарт 2026 оны аравдугаар сарын 5-наас эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.