Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Хан-Уул, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын (ЭМДЕГ) даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн болон бусад холбогдогчдод холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Тус шүүхээс Л.Бямбасүрэнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасах шийтгэл ногдуулсан юм.
Тодруулбал, шүүгдэгч Л.Бямбасүрэн, Ө.Айгиймаа, Ө.Мөнхтулга, Т.Анхтуяа, А.Төвшин, Т.Ариунтуяа, Б.Номинсувд, С.Ундрам, Д.Баянжав, С.Цэдэнсодном, П.Алтантуяа нарыг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.3, 22.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутган шүүсэн байна.
Тэднийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хувийн эмнэлгүүдээс авлига авсан, авлига өгсөн, мөн хэвтэн эмчлүүлэгчдийн тооноос давсан хэмжээгээр санхүүжилт олгосон зэрэг үйлдэлд буруутгасан юм.
Шүүх хэргийг хэлэлцээд ЭМДЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн болон бусад хоёр хүнийг нийт 120 сая төгрөгийн авлига авсан гэж үзэн, тэдэнд 6-13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
Үүний дотор Л.Бямбасүрэн нь авлигын гэх 120 сая төгрөгийн 48 сая төгрөгийг өөрийн ажилтны дансаар дамжуулан авсан нь мөнгө угаасан үйлдэл гэж шүүх дүгнэсэн юм. Иймд түүнд 13 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хасах, мөн 50 сая төгрөгийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин Л.Бямбасүрэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ. Уг гомдлыг өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж, анхан шатны шүүхээс Л.Бямбасүрэнд оногдуулсан 13 жилийн хорих ял болон нийтийн албанд томилогдох эрхийг бүх насаар нь хассан шийтгэлийг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.
Иймд Л.Бямбасүрэнд анхан шатны шүүхээс оноосон 13 жилийн хорих ял хүчин төгөлдөр хэвээр үлдэв.