Өнөөдөр буюу 10.2-ны өдөр 12 цагийн үед найруулагч Б.Баатарыг гэрээсээ гарахад нь Тагнуулын 10-аад залуус машиндаа суулган авч явсан талаар эх сурвалжууд мэдээлэв.

Түүнийг өчигдрийн иргэдийн жагсаалыг зохион байгуулсан хэмээн үзэж байгаа аж.

Жагсаалд идэвхтэй оролцсон нэг залуу "Монгол хаан" жүжгийн брэнд логотой малгай өмссөн учир жагсаалыг Б.Баатар зохион байгуулсан гэж үзжээ. 

Өнөөдөр 13.30 цагт Хялбаршуулах ажиллагааны шүүхэд түүнийг цагдан хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хурал эхэлжээ.

Энэ хурал өчигдөр болох байсан ч өмгөөлөгч авч амжаагүй гэдэг шалтгаанаар хойшилсон байна.

Б.Баатар 3 цагийн дотор өмгөөлөгчтэй болж амжсан эсэх нь тодорхойгүй байна. 

Түүнд хилийн хориг тавьсны улмаас "Монгол хаан" жүжгийн Москва болон Турк, Европт тоглох олон уулзалтууд цуцлагджээ. 

Найруулагч Б.Баатарыг "Монгол хаан" жүжгээр мөнгө угаасан хэмээн үзэж, шалгаж байгаа гэдгийг тус жүжгийн гүйцэтгэх продюсер А.Баярцэцэг мэдэгдлээ.

Тэрбээр "Б.Баатар найруулагчийг "Монгол хаан" төслийг Соёлын яамнаас 20 сая ам.доллар авч, гадаадын компанийг хөлсөлж аваад Лондонд жүжгээ тавьсан" хэмээн буруутгаж, мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа юм билээ.

Бид хоёр жилийн хугацаанд санхүүгийн тайлан бичиг баримтаа хангалттай өгсөн. Мөн өчигдрийн жагсаалтай холбоотойгоор мөн Б.Баатарыг зохион байгуулсан хэмээн гүтгэж, өнөөдөр маш хурдтайгаар баривчлах гэж байна" хэмээн мэдэгдэв.