Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Хишигдалай "Аравдугаар сард ОХУ-аас 60 мянга орчим тонн АИ-92 шатахуун, БНХАУ-аас 8000 тонн бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Солонгос, Сингапураас далайгаар тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авахаар захиалгаа баталгаажуулсан. Энэ сарын дундуур ирнэ.
Нийтдээ 77-78 мянган тонн импортлохоор захиалгаа баталгаажууллаа. Аравдугаар сард батлагдсан хуваарийн дагуу татан авбал АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн байх боломжтой.
Аравдугаар сард өвлийн дизель түлшинд шилждэг. Энэ үед 8-9 дүгээр сард худалдаж авсан дизель түлшээ хэрэглэж дуусгаад өвлийн дизель түлшийг импортоор авна. ОХУ-аас 160 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалгаа баталгаажуулсан.
БНХАУ-аас 10 мянга гаруй тонныг авахаар баталгаажуулсан. Бусад эх үүсвэрээс мөн 30-40 мянган тонн өвлийн дизель түлш авахаар захиалж байна. Иймд дизель түлшний хувьд ч бидний батлагдсан захиалга хуваарийн дагуу үргэлжилбэл ямар нэг асуудал гарахгүй.
Энэ сард нийтдээ 260-270 мянган тонн бүтээгдэхүүн авна. Үүний 77 мянган тонн нь АИ-92 автобензин байна. Хэрэглээнд хангалттай хүрэхээр захиалсан.
Шатахуун шаглан зарж байгаад ямар арга хэмжээ авч байгаа талаар түүнээс тодруулахад "Шагийн бензиний асуудлаар цагдаа, тагнуулын байгууллага ажиллаж байна.
Автомашин хөлөглөсөн болон мотоциклтой хүмүүс зохион байгуулалттайгаар дарааллыг нэмэгдүүлж, нэг газраас банкаа дүүргээд дараагийн хүнд саванд хийж шагийн үнээр зарж, дараалал буурахгүй байх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Хууль хүчний байгууллага шалгаж байна" гэв.