Владимир Зеленский "Орос улс миний ажлын байр болон төрийн ордон болох Конча-Заспаг онилон цохилт өгөхөөр төлөвлөж байна" хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ мэдээллийг Киевийн тагнуулын байгууллагуудын тайланд үндэслэн олон нийтэд хүргэсэн байна.

Зеленскийн хэлснээр, Оросын тал төрийн байгууллагууд, цэргийн удирдлагын төвүүд зэрэг “шийдвэр гаргах төвүүд”-ийг онилох төлөвлөгөө боловсруулсан бөгөөд нийтдээ 20 гаруй объектыг бай болгосон аж.

Тэрбээр X сүлжээнд “Тэд энэ төлөвлөгөөг удаан хугацаанд боловсруулж ирсэн. Харин Ирантай холбоотой үйл явдлын дараа дахин идэвхжиж, бидний байршил, хөдөлгөөнийг тогтоохыг оролдож эхэлсэн” хэмээн бичсэн байна.

Үүний зэрэгцээ Украины дроны дайралтын дараа Оросын өөр нэг нефть боловсруулах үйлдвэрт томоохон гал гарчээ. Украины дроны хүчний мэдээлснээр, баасан гарагт Москвагаас зүүн өмнө зүгт ойролцоогоор 190 км-ийн зайд орших Рязань хотын нефть боловсруулах үйлдвэрт дроноор цохилт өгсөн байна.

Украины дроны хүчний командлагч Роберт Бровдигийн хэлснээр, тэд нэг шөнийн дотор Орос болон Украины нутаг дэвсгэр дэх 23 цэргийн объект, байгууламжийг онилжээ. Харин Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ, шөнийн турш Оросын бүс нутгуудын дээгүүр ниссэн Украины 355 дроныг устгасан гэжээ.

Энэ бүхэн Орос улс энэ долоо хоногт Украин даяар хоёр өдөр дараалан 1500 гаруй дрон болон олон арван пуужин харваж, олон арван хүний аминд хүрсэн халдлагын дараа болж буйг Украины албаныхан онцолсон байна.

Онцлох үйл явдлууд

Киев хот Оросын хүчтэй цохилтын улмаас 21 хүн амиа алдсаны дараа гашуудлын өдөр зарлав. Германы канцлер Фридрих Мерц “Путин хэлэлцээ бус, хурцадмал байдлыг сонгож байна” гэж мэдэгджээ.

Их Британийн Батлан хамгаалахын сайд Киев рүү хийсэн Оросын дайралтыг “цочирдом халдлага” хэмээн буруушаасан байна. Финланд улс Хельсинки орчимд дрон илэрсний улмаас агаарын хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоов. Зеленский Оросыг Украины төрийн өндөр албан тушаалтнуудыг онилох төлөвлөгөөтэй гэж буруутгажээ.

Зеленский: Оросыг шийтгэлгүй өнгөрөөхгүй 

Киев хотын орон сууцны барилгад болсон Оросын пуужингийн цохилтын улмаас 24 хүн амиа алдсаны дараа Зеленский мэдэгдэл хийжээ. Тэр “Манай иргэдийн амийг авч одсон түрэмгийлэгчийн ямар ч халдлагыг Украин шийтгэлгүй өнгөрөөхгүй” хэмээн онцолсон байна.

Мөн тэрбээр хариу ажиллагаануудыг баталж буйгаа дурдан, Украины дроны дайралтын улмаас Оросын хамгийн том нефть боловсруулах үйлдвэрүүдийн нэгэнд томоохон гал гарсныг тэмдэглэжээ.

Одесса, Харьковт дэд бүтэц эвдэрчээ

Оросын шөнийн дайралтын улмаас Одесса болон Харьков мужуудад чухал дэд бүтэц, орон сууцны барилгууд эвдэрсэн талаар орон нутгийн удирдлагууд мэдээлжээ. Хэд хэдэн хүн шархадсан бөгөөд эмнэлгийн тусламж авч байгаа аж.

Одессагийн эрчим хүчний дэд бүтцэд өгсөн цохилтын улмаас 40 орчим суурин цахилгаангүй болж, 22 мянга гаруй хэрэглэгч тоггүй үлджээ. Харьков хотод дроны цохилтын улмаас метроны орц, нийтийн тээврийн цахилгааны шугам, троллейбус болон автобусны буудал гэмтсэн байна.

Украины дайн эхэлснээс хойш Орос улс эрчим хүч, тээвэр болон иргэний дэд бүтцүүдийг тогтмол онилсоор иржээ.

Украин: Орос шинээр үйлдвэрлэсэн пуужингаа шууд ашиглаж байна

Украины Ерөнхийлөгчийн хориг арга хэмжээний бодлого хариуцсан төлөөлөгч Владислав Власюк мэдэгдэхдээ, Москва шинээр үйлдвэрлэсэн пуужингаа нөөцлөхгүйгээр бараг шууд ашиглаж байна гэжээ.

2025 оны сүүл болон 2026 оны эхээр унасан пуужингийн үлдэгдэлд хийсэн шинжилгээнээс ийм дүгнэлт гарсан байна.

Киевийн үзэж буйгаар, энэ үед Оросын эсрэг хориг арга хэмжээг сулруулах нь Украинд учрах пуужингийн аюулыг улам нэмэгдүүлнэ. Учир нь, барууны орнуудын Patriot системийн нийлүүлэлт саарч байгаа аж.

Хориг сулрах нь Украины агаарын хамгаалалтын системд нэмэлт дарамт учруулж, Оросын цохилт амжилттай болох эрсдэлийг өсгөнө гэж Киев анхааруулжээ.

НҮБ: Орос дроноор НҮБ-ын автомашинуудыг онилжээ

Украин дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын тэргүүн Андреа Де Доменико Оросын дроны довтолгооны улмаас НҮБ-ын хоёр автомашин эвдэрсэн талаар мэдээлэв.

Херсон хотод хүмүүнлэгийн тусламж хүргэж явсан НҮБ-ын тэмдэглэгээтэй автомашиныг дрон мөргөсөн байна. НҮБ “Тэнд одоо ч 200 гаруй энгийн иргэн, ихэнх нь өндөр настнууд үлдсэн” хэмээн мэдэгджээ.

АНУ болон АНЭУ зуучлан, хоригдол солилцов

Москва болон Киев өчигдөр 250 хоригдол солилцсон. Тэдний дунд 2022 онд дайн эхэлснээс хойш олзлогдсон Оросын цэргүүд багтжээ. Энэхүү солилцоог хийхэд АНУ болон Арабын Нэгдсэн Эмират Улс зуучилсан байна. Энэ нь ялалтын баярын үеэр тохиролцсон “1000-ыг 1000-аар” солилцооны нэг хэсэг аж.

Суллагдсан Украины олзлогдогсод 21-62 хүртэл насныхан байсан талаар Зеленский мэдээлжээ. Тэр Telegram хуудастаа “Олзонд үлдсэн хүн бүрийн төлөө бид тэмцсээр байх болно” хэмээн бичсэн байна.

Дронууд мэргэн буудагчдыг орлож эхэлжээ

Wall Street Journal-ын нийтлэлд дурдсанаар, Украин дахь дайнд дрон өргөн ашиглагдаж буй нь мэргэн буудагч зэрэг уламжлалт цэргийн үүргүүдийн хэрэгцээг бууруулж эхэлжээ.

Дронууд илүү өргөн хүрээтэй ажиглалт хийх, маневрлах, тэсрэх бодис тээвэрлэх боломжтой бөгөөд байг шууд устгах чадвартай учраас тагнуул болон онилсон устгалын ажиллагаанд мэргэн буудагчдыг орлох болсон байна.

2023 оны сүүлээр 4 км-ээс илүү зайнаас Оросын байг онож дэлхийн дээд амжилт тогтоосон Украины тусгай хүчний мэргэн буудагч Вячеслав Ковальский сүүлийн жил хагасын хугацаанд буудлагын ажиллагаанд оролцоогүй аж.

Тэр “Өмнө нь би мэргэн буудагч байсан, бүгд намайг тойрдог байлаа. Харин одоо бүгд дроны операторуудыг тойрдог болсон, би хүртэл” хэмээн ярьжээ. Одоо тэрбээр дроны багуудад тоног төхөөрөмж тээвэрлэх, дронд тэсрэх бодис суурилуулах, навигацид туслах зэрэг ажил хийдэг болсон байна.

Эх сурвалж:  INDEPENDENT