Монгол Улс 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу (КАРЕК/CAREC)-ийн 25 жилийн ойн хүрээнд 2026 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сайд нарын бага хурал,
Хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээр, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр /2026.09.29/ Сайд нарын бага хурлаар үргэлжлэв.
Энэ хүрээнд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний Эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаевыг хүлээн авч уулзав. Уулзалтаар, хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээвэр логистик, стратегийн хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.
Уулзалтын эхэнд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, хоёр орны хоорондын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж эрчимжиж, улмаар эдгээр айлчлал, уулзалтын үеэр хийсэн яриа хэлэлцээ бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж.
Мөн 2026 оны долдугаар сарын 22-ноос хэрэгжиж эхэлсэн Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан Худалдааны түр хэлэлцээр нь хоёр талын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтод хүрэхэд ихээхэн ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ.
Бүгд Найрамдах Казахстан улсын Үндэсний Эдийн засгийн дэд сайд Ассан Дарбаев "Монгол Улс Казахстаны чухал худалдааны түнш бөгөөд хоёр улсын худалдааны харилцаа эерэг динамиктай байна.
2025 онд худалдааны эргэлт 133 сая ам.доллароос давж, 8 хувиар өссөн. Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд худалдааны эргэлтийг дунд хугацаанд 500 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан. Үүнийг бодит ажил болгох шаардлагатай" гэж онцолжээ.
Казахстаны тал Монголтой худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх зорилтын хүрээнд худалдаа, тээвэр-логистик, хөдөө аж ахуй, уул уурхай, нефть болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бодит төсөл, бизнесийн хэлцэл болгон өргөжүүлэх сонирхлоо илэрхийлсэн байна.



