Дэлхийн эдийн засгийн шинэ өрсөлдөөний нэг чухал талбар нь газрын ховор элемент болж буй. Газрын ховор элементийн зах зээл, үнэ, нийлүүлэлтийн төлөөх дэлхийн өрсөлдөөн Монголын боломжийг хэрхэн өөрчилж байгаа талаар бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.
Неодим, празеодимийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж, диспрозиум, тербиумын нийлүүлэлт стратегийн асуудал хэвээр байна
Дэлхийн эдийн засгийн шинэ өрсөлдөөний нэг чухал талбар нь газрын ховор элемент болж байгаа билээ. Цахилгаан автомашин, салхин цахилгаан үүсгүүр, робот, хиймэл оюуны дата төв, электроник, сансар, батлан хамгаалах үйлдвэрлэл зэрэг олон салбарын гол бүрэлдэхүүн болсон эдгээр 17 элемент өнөөдөр зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус, аж үйлдвэр, технологи болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын стратегийн түүхий эд болжээ.
Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн мэдээллээр, газрын ховор элементийн дотроос неодим (Nd), празеодим (Pr), диспрозиум (Dy), тербиум (Tb) нь өндөр үзүүлэлттэй байнгын соронз үйлдвэрлэхэд хамгийн чухал. Байнгын соронз нь нийт газрын ховор элементийн хэрэглээний үнийн дүнгээр ойролцоогоор 95 хувийг бүрдүүлдэг.
Энэ нь газрын ховор элементийн үнэ ханшийн хөдөлгөөн зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш, дэлхийн автомашин, эрчим хүч, электроник, роботжуулалт болон батлан хамгаалах үйлдвэрлэлийн өртөгтэй шууд холбогдож байна гэсэн үг.
Өнөөдрийн үнэ: Nd, Pr өндөр түвшинд
SMM-ийн спот зах зээлийн 2026 оны есддүгээр сарын 28-ны мэдээллээр:
Эдгээр нь SMM-ийн мэдээллийн дагуух спот үнийн түвшин бөгөөд тухайн өдөр Nd, Pr болон Pr-Nd-ийн үнэ бага зэрэг буурсан боловч өмнөх өндөр түвшнээсээ холдоогүй байна. Харин Dy, Tb-ийн үнэ харьцангуй тогтвортой байжээ.
Металлын хувьд мөн ялгаатай зураг харагдана. Едүгээр сарын 28-нд празеодимийн металл дунджаар $131,780/тонн, неодимийн металл $124,550/тонн, диспрозиум $233.33/кг, тербиум $1,073.30/кг орчим байсан аж.
Хамгийн том асуудал - нийлүүлэлтийн төвлөрөл
Газрын ховор элементийн зах зээлийн гол онцлог нь дэлхийн нөөц хомсдоо бус, олборлолтоос боловсруулалт, улмаар соронз үйлдвэрлэл хүртэлх нийлүүлэлтийн сүлжээ маш цөөн улсад төвлөрсөнд оршиж байгаа аж.
IEA-ийн мэдээллээр 2024 онд Хятад:
- дэлхийн соронзны газрын ховор элементийн олборлолтын 60%-ийг;
- боловсруулсан бүтээгдэхүүний 91%-ийг;
- синтержүүлсэн байнгын соронз үйлдвэрлэлийн 94%-ийг тус тус эзэлж байжээ.
Ингэснээр газрын ховор элементийн уурхайтай байх нь дангаараа хангалттай биш болж байна. өөрөр хэлбэл, Уурхай → баяжуулалт → ялгах үйлдвэр → исэл → металл → хайлш → соронз гэсэн бүх гинжин хэлхээ шаардлагатай аж.
Эндээс дэлхийн томоохон эдийн засгуудын өнөөгийн бодлогын чиглэл тодорхой харагдаж буй юм. Тэд зөвхөн уурхай нээх бус, Хятадаас хамаарал багатай “mine-to-magnet” нийлүүлэлтийн сүлжээ байгуулах зорилт тавьсан байна.
2025 оны экспортын хязгаарлалт зах зээлийн эмзэг байдлыг харуулав
Хятад улс 2025 оны дөрөвдүгээр сард долоон хүнд газрын ховор элемент болон тэдгээртэй холбоотой бүтээгдэхүүн, соронзонд экспортын хяналт тогтоов.
Үүний дараа АНУ, Европ болон бусад бүс нутгийн автомашин үйлдвэрлэгчид соронзны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлтэй тулгарсан. Зарим үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулах, түр зогсоох хүртэл арга хэмжээ авч байсныг IEA тэмдэглэжээ.
Хэдийгээр дараагийн саруудад экспортын лиценз олголт нэмэгдэж, нийлүүлэлт хэсэгчлэн сэргэж эхэлсэн ч энэ үйл явдал нэг чухал зүйлийг дэлхий нийтэд харуулсан.
Газрын ховор элементийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдахад зөвхөн уул уурхайн компаниуд бус, бүхэл бүтэн аж үйлдвэрийн салбар өртдөг.
2026 онд өрсөлдөөн үргэлжилж байна
2026 оны зах зээлийн гол сэдэв бол Хятадын давамгай байдлыг бууруулахын зэрэгцээ шинэ нийлүүлэлтийн сүлжээ бий болгох оролдлого.
IEA-ийн хамгийн сүүлийн дүн шинжилгээгээр, Хятадаас гадуурх газрын ховор элементийн эрэлт 2035 он гэхэд өсөх төлөвтэй боловч өнөөдөр зарласан төслүүдийн хүчин чадал энэ эрэлтийг бүрэн хангахад хүрэлцэхгүй юм байна.
Тухайлбал, одоо байгаа болон зарлагдсан төслүүд:
- олборлолтын хэрэгцээний ойролцоогоор 50%,
- боловсруулах хэрэгцээний 25%,
- соронз үйлдвэрлэлийн хэрэгцээний 20%-иас бага хэсгийг л хангах хэмжээнд байна гэж IEA тооцжээ.
Өөрөөр хэлбэл, дэлхий шинэ уурхай байгуулахаас гадна боловсруулах үйлдвэр, металлургийн үйлдвэр, соронзны үйлдвэр байгуулах шаардлагатай болж буй аж. Энэ бол газрын ховор элементийн салбарын хамгийн том сорилтын нэг юм байна.
Яагаад Dy, Tb хоёр онцгой чухал вэ?
Неодим, празеодим нь хүчтэй байнгын соронзны үндсэн материал бол диспрозиум, тербиум нь өндөр температурт ажиллах чадварыг сайжруулахад чухал үүрэгтэй. Тиймээс эдгээрийг цахилгаан автомашины мотор, салхин турбин, үйлдвэрийн цахилгаан мотор, робот, дрон, өндөр технологийн төхөөрөмж, сансар, батлан хамгаалах систем зэрэгт ашигладаг ажээ.
Benchmark Mineral Intelligence-ийн 2026 оны шинжилгээгээр, хүнд газрын ховор элементүүдийн, ялангуяа Dy болон Tb-ийн Хятадаас бусад нийлүүлэлтийн төслүүд эдийн засгийн хувьд илүү өндөр үнэ шаарддаг. Хятадын дотоодын үнэд хэт ойртвол Хятадаас гадуурх шинэ хүнд газрын ховор элементийн төслүүдийн эдийн засгийн үндэслэл сулрах эрсдэлтэй гэж тус байгууллага дүгнэжээ.
Дэлхий Хятадаас хараат байдлаа бууруулахыг хүсэж байгаа ч шинэ нийлүүлэлтийн сүлжээ байгуулахад Хятадын зах зээлээс өндөр үнэ шаардагдаж буй аж.
Монголын хувьд энэ ямар утгатай вэ?
Энэ асуулт хамгийн сонирхолтой. Монгол Улсад газрын ховор элементийн хэд хэдэн илрэл, орд бий. 2023 онд хэвлэгдсэн Монголын газрын ховор элементийн ордуудын талаарх эрдэм шинжилгээний тоймд Мушгиа худаг, Хотгор, Халзан Бүрэгтэй зэрэг ордыг эдийн засгийн өндөр ач холбогдолтой боломж бүхий ордуудаар дурдсан байдаг.
Тэдгээрээс Ховд аймгийн Мянгад сумын Халзан Бүрэгтэй төсөл онцгой анхаарал татаж буй. Төслийн мэдээллээр уг орд нь диспрозиум, неодим, празеодим, тербиум зэрэг өндөр эрэлттэй элементүүдээр баялаг бөгөөд 30 гаруй жилийн уурхайн ашиглалтын хугацаатай байхаар тооцсон урьдчилсан техник, эдийн засгийн судалгаа хийгдсэн, одоогоор нарийвчилсан ТЭЗҮ боловсруулагдаж буй юм.
Монголын газрын хэвлийд үнэ цэнтэй элемент байгаа нь өөрөө экспортын өндөр орлого гэсэн үг биш. Үүнийг эдийн засгийн үнэ цэнтэй болгохын тулд хайгуул → олборлолт → баяжуулалт → ялгалт → боловсруулалт → металл → хайлш/соронз гэсэн шат дамжлагыг аль болох дотооддоо бий болгох шаардлагатай юм.
Монгол Улсад боломж байгаа ч өрсөлдөөн бас өндөр
Азийн хөгжлийн банк 2026 оны тавдугаар сард гаргасан “Market Assessment of Critical Minerals in Mongolia” судалгаандаа Монгол Улс критик ашигт малтмалын нөөцөө ашиглан орлого, ажлын байр, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Үүний зэрэгцээ дэд бүтэц, гадаадын хөрөнгө оруулалт, байгаль орчин, засаглал болон хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагыг онцолсон билээ.
Дэлхийн банк мөн 2026 оны есдүгээр сарын эхээр Монгол Улс зэс, литий, газрын ховор элемент, графит зэрэг баялагтай боловч тэдгээрийн ихээхэн хэсэг нь одоогоор ашиглагдаагүй байгаа талаар мэдээлсэн. Тус байгууллагын мэдээллээр, хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд зохицуулалтын тодорхой байдал болон геологийн мэдээллийн хүртээмж чухал ажээ.
Иймд Монголын хувьд газрын ховор элементийн дэлхийн эрэлт өсөж байгаа нь боломж боловч автоматаар эдийн засгийн өгөөж болж хувирахгүй.
Ирэх жилүүдэд үнэ ямар чиглэлд байх вэ?
Газрын ховор элементийн бүх бүтээгдэхүүний үнэ нэг чиглэлд хөдөлнө гэж хэлэхэд эрт байна. Харин зах зээлийн өнөөгийн бүтэц хэд хэдэн чиг хандлагыг харуулж буй.
Нэгдүгээрт, цахилгаан автомашин, салхин эрчим хүч, роботжуулалт болон дата төвийн өсөлт нь өндөр үзүүлэлттэй соронзны эрэлтийг дэмжинэ. IEA-ийн тооцоогоор Nd, Pr, Dy, Tb-ийн эрэлт 2015 оноос хойш хоёр дахин өссөн бөгөөд одоогийн бодлогын нөхцөл үргэлжилвэл 2030 он гэхэд дахин гуравны нэгээр өсөх төлөвтэй байгаа ажээ.
Хоёрдугаарт, Хятадаас гадуурх нийлүүлэлтийн шинэ төслүүд нэмэгдэхийн хэрээр Nd/Pr-ийн зах зээлд нийлүүлэлт өсөж, үнийн дарамт үүсэх боломжтой.
Гуравдугаарт, Dy болон Tb зэрэг хүнд газрын ховор элементийн хувьд шинэ нийлүүлэлт бий болгох нь илүү төвөгтэй хэвээр байна. Тиймээс эдгээрийн үнэ болон нийлүүлэлтийн эрсдэл бусад элементээс ялгаатай байж болох нь.
Дэлхийн газрын ховор элементийн шинэ “газрын зураг”
АНУ, Австрали, Европ, Япон болон бусад улс нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэхээр ажиллаж буй ажээ.
IEA-ийн тооцоогоор, 2035 он хүртэл Хятадаас гадуурх олборлолтын хүчин чадал Австрали, АНУ тэргүүтэйгээр нэмэгдэх бөгөөд Бразил, Энэтхэг, Танзани зэрэг улс ч нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр болж магадгүй юм байна.
Харин боловсруулах болон соронз үйлдвэрлэлийн хүчин чадал олборлолтоосоо мэдэгдэхүйц хоцорч буй нь гол bottleneck буюу “нарийн хоолой” болж буй аж. Тиймээс дараагийн арван жилд газрын ховор элементийн өрсөлдөөн “Хэн хамгийн их олборлох вэ?” гэсэн асуултаас “Хэн олборлолтоос соронз хүртэлх нийлүүлэлтийн сүлжээг хамгийн найдвартай байгуулж чадах вэ?” гэсэн асуулт руу шилжиж байна.
Газрын ховор элемент бол Монголын хувьд зөвхөн уул уурхайн шинэ бүтээгдэхүүн биш
2026 оны есдүгээр сарын эцсийн байдлаар, газрын ховор элементийн зах зээлд үнэ өндөр түвшинд хадгалагдаж, ялангуяа өндөр технологийн соронзонд шаардлагатай Nd, Pr, Dy, Tb-ийн стратегийн ач холбогдол улам нэмэгдэж байна.
SMM-ийн есдүгээр сарын 28-ны мэдээллээр, Nd болон Pr-ийн исэл тус бүр тонн тутамд ойролцоогоор 100 мянган ам.доллар, Tb-ийн исэл килограмм тутамд 864 ам.доллар, Dy-ийн исэл 189 ам.доллар орчим үнэлэгджээ. Гэхдээ зах зээлийн хамгийн том өөрчлөлт нь үнэ ханшид бус, нийлүүлэлтийн геополитикт явагдаж байна.
Хятад дэлхийн газрын ховор элементийн олборлолт, боловсруулалт, ялангуяа байнгын соронз үйлдвэрлэлд давамгай хэвээр. Үүний зэрэгцээ АНУ болон бусад улс нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр бий болгохоор хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна.
Энэ өөрчлөлтийн дунд Монгол Улс өөрийн Халзан Бүрэгтэй, Мушгиа худаг болон бусад газрын ховор элементийн ордуудаа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг асуудал улам чухал болж байна.
Газрын ховор элементийн эрин үе Монголд зөвхөн “газрын доорх баялаг”-ийн тухай биш, харин тэр баялгийг дэлхийн технологийн нийлүүлэлтийн сүлжээнд ямар байр суурьтайгаар оруулах тухай асуудал болж буй юм.
Эх сурвалж: IEA, METAL, BENCHMARK MINERAL INTELLIGENCE, WORLD BANK