Монголын нийгэмд нэг асуулт үе үе хүчтэй тавигддаг. Хууль сахиулах байгууллагын алба хаагч өөрөө гэмт хэрэгт холбогдвол түүнийг хэн мөрдөж шалгах ёстой вэ? Цагдаа цагдаагаа, мөрдөгч мөрдөгчөө, хууль сахиулагч өөрийн байгууллагынхаа хүнийг шалгах нөхцөл үүсвэл мөрдөн шалгах ажиллагааны хараат бус байдалд эргэлзэх шалтгаан бий юу?

Энэ асуулт хэн нэгэн байгууллага, алба хаагчийг нийтээр нь буруутгах тухай асуудал огт биш юм. Харин төрийн эрх мэдэл хамгийн их төвлөрсөн байгууллагууд өөрсдөө хууль зөрчсөн байж болзошгүй үед хяналт, мөрдөн шалгалтыг хэнээс хараат бус явуулах вэ гэдэг төрийн байгууллын зарчмын асуудал.

Нэгэнт байсан тогтолцоо яагаад алга болсон бэ?

Монгол Улс 2002 онд энэ асуудлыг тусгай зохицуулалтаар шийдэхийг зорьж, Улсын ерөнхий прокурорын дэргэд Мөрдөн байцаах алба байгуулсан. Тус алба нь цагдаагийн байгууллагын ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, тагнуулын ажилтан зэрэг тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй байв.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах байгууллагын ажилтан өөрөө сэжигтэн болсон тохиолдолд түүний хамтран ажилладаг байгууллагаар хэргийг нь шалгуулах бус, тусгай харъяалалтай мөрдөн шалгах бүтэц ажилладаг байсан түүхтэй.

Гэвч 2014 оны нэгдүгээр сарын 24-нд хуулиудад өөрчлөлт оруулж, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан. Улмаар тус албаны шалгаж байсан хэргийн харъяаллыг цагдаагийн байгууллага болон Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн билээ.

Үр дүн нь юу байв?

Тус албыг “Татан буулгаснаас хойш бүх хууль сахиулах байгууллага мафижсан” гэж шууд хэлэхэд хангалттай нотолгоо байхгүй. Гэхдээ хууль сахиулагчийн үйлдсэн гэмт хэргийг хараат бусаар шалгах тогтолцооны асуудал арилаагүйг төрийн байгууллагуудын өөрсдийнх нь материал харуулж буй.

2019 онд УИХ дээр болсон хэлэлцүүлгээр хууль сахиулах байгууллагын алба хаагчтай холбоотой гомдол, мэдээллийг шалгах хараат бус байгууллага шаардлагатай эсэх асуудлыг тусгайлан хэлэлцэж байв. Тухайн хэлэлцүүлэгт Улсын ерөнхий прокуророос ийм чиг үүрэгтэй хараат бус, бие даасан нэгжийг дахин бий болгох шаардлагын талаар танилцуулж байсан билээ.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухайн үеийн байр суурьд цагдаагийн алба хаагч өөрийн байгууллага дотроо шалгагдах нөхцөл нь хүний эрхийн зөрчлийг үр дүнтэй шалгахтай холбоотой асуудал үүсгэж болзошгүйг анхааруулж байв.

Парламентын судалгааны 2025 оны материалд 2015-2024 онд тусгай субъектын үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй нэгж 1096 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар дурдсан нь бий.

Тэдгээрийн 1052 нь цагдаа, дотоодын цэргийн алба хаагчтай, 14 нь шүүгчтэй, 12 нь прокурортой, 12 нь АТГ-ын алба хаагчтай, 6 нь тагнуулын байгууллагын алба хаагчтай холбоотой байжээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн хэргийг шалгах хэрэгцээ онолын асуудал биш, бодит практик хэвээр байгааг харуулж буй юм.

Авлигын хэрэг бол бүр өөр асуудал

Өнөөдөр Авлигатай тэмцэх газар авлигын гэмт хэрэг болон хуульд заасан зарим тусгай субъектын гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгтэй. АТГ-ын өөрийн мэдээллээр Мөрдөн шалгах хэлтэс нь Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг, өөрсдөө илрүүлсэн мөнгө угаах гэмт хэрэг болон прокуророос харьяалуулсан зарим гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.

Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргүүдийг мөрдөн шалгах ачаалал өндөр буй талаар тус байгууллага мэдээлжээ. Тэгэхээр асуудал нь “АТГ ажиллаж байна уу, үгүй юу?” гэдэгт биш.

Хууль сахиулах тогтолцоонд оролцогч байгууллага бүрийн хооронд хараат бус хяналт, мөрдөн шалгалтын зөв архитектур байна уу? гэдэгт асуудал яригдах юм.

Ямар шийдэл байж болох вэ?

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг шинэ эрх зүйн үндэслэлээр сэргээх. Гэхдээ 2002 оны загварыг тэр хэвээр нь хуулбарлавал учир дутагдалтай. Шинэ байгууллага нь: 

Нэгдүгээрт, цагдаа, тагнуул, прокурор, шүүгч, АТГ болон бусад хууль сахиулах байгууллагын алба хаагчтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдлыг шалгах;

Хоёрдугаарт, эрүү шүүлт, хууль бусаар баривчлах, эрх мэдлээ урвуулан ашиглах, нотлох баримтыг зориудаар гуйвуулах зэрэг хүний эрх, шударга ёсонд шууд халдсан байж болзошгүй үйлдлийг хараат бусаар мөрдөх;

Гуравдугаарт, мөрдөгчдийн томилгоо, шилжилт хөдөлгөөн, ажлын үнэлгээг шалгуулж буй байгууллагаас нь хараат бус байлгах;

Дөрөвдүгээрт, мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын хяналт тавих боловч байгууллагын дотоод удирдлагын нөлөөллөөс хамгаалах;

Тавдугаарт, үйл ажиллагааныхаа статистик, шийдвэрлэсэн хэргийн тоо, шүүхэд шилжүүлсэн болон хэрэгсэхгүй болгосон хэргийн мэдээллийг хуульд нийцүүлэн олон нийтэд тогтмол мэдээлдэг байх;

Зургадугаарт, хүний эрхийн байгууллага болон парламентын холбогдох хяналтын механизмаар давхар хянуулдаг байх шаардлагатай.

Ингэж чадвал энэ нь нэг байгууллагыг нөгөөгөөс нь дээгүүр тавьсан бүтэц биш, харин эрх мэдэл нэг газар хэт төвлөрөхөөс сэргийлсэн хяналтын механизм болох боломжтой.

“Мафижсан сүлжээ” гэх ярианы цаана байгаа бодит асуудал

Сүүлийн жилүүдэд иргэд, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн орчинд хууль сахиулах байгууллагуудын зарим алба хаагчийг авлига, хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэлтэй холбон ярьж, бүр “мафижсан сүлжээ” гэх тодорхойлолт ашиглах болсон.

Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хүнийг гэмт хэрэгтэн гэж нэрлэж болохгүй. Нэг байгууллагын зарим алба хаагчийн үйлдлийг бүх байгууллагад ч хамааруулж болохгүй.

Харин ийм гомдол, хардлага олон нийтийн итгэлд нөлөөлж байгаа бол төрийн хийх ёстой зүйл нь иргэдийг “Та нар буруу ойлгож байна” гэж загнах бус, үнэн зөвийг тогтоох хараат бус механизм бий болгох явдал. Учир нь, хараат бус мөрдөн шалгах механизм байгаа цагт гэм буруугүй хүнийг ч хамгаална, гэм буруутай хүнийг ч нуух боломжийг багасгана.

Энэ бол зөвхөн иргэний эрхийн асуудал биш, цагдаагийн алба хаагчийн нэр төрийн ч асуудал юм. Хэрэв шударга цагдаа өөрийн хамтран ажилладаг байгууллагын талаар гарсан гомдлоос болж бүхэл бүтэн байгууллагаар нь хардаг үл итгэлцлийн дарамтад ордог бол тэр ч бас хараат бус мөрдөн шалгах тогтолцоотой байхыг хүсэх эрхтэй.

Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь эцсийн хариулт биш Энэ саналыг гаргаж байгаа хүн бүр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй санагддаг. Байгууллагын нэрийг сэргээхээс илүүтэй хараат бус байдлыг сэргээх нь чухал. Шинэ байгууллага байгуулаад, хуучин тогтолцооны алдаа давтагдвал асуудал шийдэгдэхгүй.

Иймд хуульд мөрдөгчийн хараат бус байдал, удирдлагын томилгооны ил тод байдал, хэрэг шилжүүлэх журмын тодорхой байдал, прокурорын хяналтын бодит механизм, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, парламентын хяналт, олон нийтэд мэдээлэх ил тод байдал гэсэн баталгааг хамтад нь суулгах шаардлагатай.

Эцэст нь, Монгол Улсад цагдаа хэрэгтэй. Прокурор хэрэгтэй. Авлигатай тэмцэх байгууллага хэрэгтэй. Бас тагнуулын байгууллага хэрэгтэй. Гэхдээ эдгээр байгууллагын аль нэг нь “өөрсдийгөө шалгадаг” гэсэн ойлголт төрүүлэхээр байвал иргэдийн төрд итгэх итгэлд сэв сууна.

Төрийн хүч хамгийн их төвлөрсөн газар хяналт хамгийн хүчтэй байх ёстой. Тиймээс өнөөдөр бид “Цагдаа муу байна уу?” гэж асуухаас илүү “Цагдаагийн алба хаагч хууль зөрчсөн гэх гомдол гарвал хэний өмнө, ямар хараат бус механизмаар шалгагдах вэ?” гэж асуух нь зүйтэй.

2002 онд бий болгож, 2014 онд татан буулгасан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны туршлагыг дахин нягтлан судалж, өнөөгийн хүний эрх, хууль дээдлэх зарчимд нийцсэн, хараат бус мөрдөн шалгах байгууллагыг шинээр бий болгох асуудлыг парламент, хууль зүйн салбарынхан болон олон нийт нээлттэй хэлэлцэх цаг болжээ.

Учир нь, хууль сахиулагчийг хэн шалгах вэ гэдэг асуултын зөв хариултгүйгээр “хууль хүн бүрт адилхан үйлчилнэ” гэсэн зарчим бүрэн утгаараа хэрэгжихэд хэцүү.

С.МАНДАХ