ОХУ-д криптовалютын зах зээлийг зохицуулах шинэ хууль есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд тус улсын криптовалют эзэмшигчдийн тоо тогтмол өссөөр байгаа аж.

ОХУ-ын Сангийн дэд сайд Иван Чебесковын мэдээлснээр, одоогийн байдлаар 20 сая орчим хүн криптовалютад хөрөнгө оруулж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 3.7 их наяд рубльд хүрчээ.

Мөн криптовалютын өдөр тутмын арилжааны хэмжээ ойролцоогоор 50 тэрбум рубль буюу жилийн дүнгээр 18 их наяд рублиэс давж байгаа аж.

Криптовалютын зах зээл тэлж байгаа нь инфляцид хэрхэн нөлөөлөх вэ гэсэн асуудал мөн анхаарал татаж эхэлжээ. Зарим хөрөнгө хүмүүсийн хэрэглээнээс түр хугацаанд гарч, криптовалютад байрших нь эрэлтийг бага зэрэг бууруулах боломжтой ч криптовалют нь мөнгийг эдийн засгаас бүрэн “саармагжуулж” гаргадаг хэрэгсэл биш болохыг шинжээчид онцолсон байна.

Учир нь, нэг хүн криптовалют худалдаж авахад тухайн мөнгө эдийн засгаас алга болохгүй, харин худалдагчид шилжиж, улмаар бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө зэрэгт зарцуулагдах боломжтой. Харин криптовалют ашиглан хөрөнгийг гадаад руу гаргах тохиолдолд рублийн ханшид дарамт үзүүлж, улмаар импортын инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлтэй аж.

Үүний зэрэгцээ криптовалютын тодорхой хэсэг нь бодит эдийн засагт ашиглагдаж буй юм байна. Тухайлбал, стейблкойн нь олон улсын худалдаа, хил дамнасан төлбөр тооцоонд ашиглагдаж, хориг арга хэмжээний улмаас уламжлалт банкны сувгаар хийхэд хүндрэлтэй болсон зарим төлбөрийг гүйцэтгэх хэрэгсэл болжээ.

Мөн криптовалютын олборлолт буюу майнингийн салбарт хөрөнгө оруулалт хийснээр дата төв, цахилгаан хангамж, тоног төхөөрөмж зэрэгт дотоодын хөрөнгө зарцуулагдаж, ажлын байр болон татварын орлого бий болж буй аж.

Нийт хөрөнгийн тодорхой хэсэг нь “хүйтэн” түрийвчид хадгалагдах буюу идэвхгүй хөрөнгө, эсвэл гадаадын бирж дээрх спекулятив хөрөнгө хэлбэрээр буй бөгөөд энэ хэсэг нь ОХУ-ын дотоодын эдийн засагт төдийлөн эргэлт үүсгэдэггүйг нийтлэлд дурджээ.

Криптовалютын зах зээлийг хэрхэн зохицуулах асуудлаар ОХУ-ын Төв банк болон Сангийн яамны байр суурь ялгаатай байгаа аж. Төв банк жижиг хөрөнгө оруулагчдын криптовалютын арилжааг хязгаарлах байр суурьтай бөгөөд иргэд их хэмжээний хадгаламжаа өндөр эрсдэлтэй криптовалют руу шилжүүлвэл санхүүгийн алдагдал хүлээх эрсдэлтэй гэж үзэж буй юм байна.

ОХУ-ын Сангийн яам криптовалютыг бүрэн хориглох боломжгүй болсон тул зах зээлийг хуулийн хүрээнд оруулж, лицензтэй зуучлагч, татварын ил тод тогтолцоо болон дотоодын биржээр арилжаалах боломж бий болгохыг зорьж байгаа аж.

ОХУ-д криптовалютын хэрэглээ ийн улам өргөжиж байгаа ч төрийн байгууллагуудын гол маргаан нь хориглох уу, эсвэл зохицуулж хуульчлах уу гэдэг дээр төвлөрч буй юм байна.

Шинжээчдийн зарим нь криптовалютыг дотоодын төлбөр тооцоонд өргөн ашиглуулахын оронд гадаад худалдаа болон мэргэшсэн хөрөнгө оруулагчдын хүрээнд зохицуулж, зах зээлийг хяналттай хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: IZ