ХБНГУ-ын канцлер Фридрих Мерц Ираны асуудлаас үүдэн АНУ-тай үүсээд байсан хэдэн долоо хоногийн хурцадмал харилцааны дараа тавдугаар сарын 15-ны баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьжээ.
Тэрбээр Цагаан ордны тэргүүнтэй хийсэн энэхүү ярианыхаа талаар X нийгмийн сүлжээнд мэдээлсэн байна. Тухайн үед Трамп Хятадад хийсэн айлчлалаа өндөрлүүлээд, эх орон руугаа буцах замдаа онгоцонд явж байсан аж.
Талууд Ираны нөхцөл байдал, Украин дахь дайн, мөн НАТО-гийн хүрээний асуудлуудыг хэлэлцжээ. Мерц “Бид нэгдмэл байр суурьтай байна” хэмээн онцлоод, Иран яриа хэлэлцээнд эргэн орох ёстой, Ормузын хоолой нээлттэй байх шаардлагатай, мөн Тегеран цөмийн зэвсэг эзэмших ёсгүй гэсэн нийтлэг байр сууриа илэрхийлсэн байна.
Хурцадмал харилцааны шалтгаан
Дөрөвдүгээр сарын сүүлээр Фридрих Мерц АНУ-ыг Ираны асуудалд “тодорхой стратегигүй” хандаж байна хэмээн шүүмжилж, Тегерантай хийж буй хэлэлцээ нь “бүхэл бүтэн үндэстнийг доромжилж буй хэрэг” гэж мэдэгдсэн.
Үүний хариуд Дональд Трамп Мерц “юу ярьж байгаагаа ойлгохгүй байна” хэмээн ширүүхэн мэдэгдэж, Герман болон НАТО-гийн бусад холбоотнуудаас хангалттай дэмжлэг авч чадахгүй байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараахан, тавдугаар сарын эхээр Трамп ХБНГУ дахь хэдэн мянган америк цэргийг татан гаргах шийдвэрээ зарласан.
Трампын Хятад дахь айлчлал мөн тавдугаар сарын 15-нд өндөрлөв. Түүний мэдээлснээр, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ираны бараг хаагаад буй Ормузын хоолойг нээлттэй байлгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн бөгөөд Бээжин Тегеранд цэргийн тусламж үзүүлэхгүйгээ амалсан байна.
Харилцаа сэргэх дохио
Берлин энэхүү утасны яриаг "эерэг дохио" хэмээн хүлээн авчээ. Ажиглагчдын үзэж буйгаар, Вашингтон сүүлийн үеийн санал зөрөлдөөнийг улам даамжруулах сонирхолгүй, Герман улстай үргэлжлүүлэн бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлэхийг зорьж буйг энэ яриа харуулсан байна.
Мерц мөн ярианы үеэр Украинд энхийн замаар зохицуулалт хийх асуудал болон ирэх зургадугаар сарын эхээр Туркийн нийслэл Анкара хотноо болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын талаар хэлэлцсэнээ дурджээ. Гэхдээ тэрбээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд “АНУ ба Герман бол хүчирхэг НАТО-гийн хүрээнд нягт хамтран ажилладаг хүчтэй түншүүд” хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: DW