Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс философич С.Молор-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж буй.
С.Молор-Эрдэнийг өмнө нь прокурорын саналын дагуу 2026 оны есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас түүний цагдан хорих хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Шүүх ямар үндэслэлээр хугацааг сунгав?
Шүүх уг хүсэлтийг хянан хэлэлцэхдээ хэргийн материалд цугларсан нотлох баримтууд болон талуудын гаргасан материалуудтай танилцжээ. Тодруулбал, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр прокуророос 26 хуудас баримт, яллагдагчийн өмгөөлөгчөөс 6 хуудас хүсэлт, 8 хуудас баримт гаргаж өгсөн бөгөөд эдгээрийг талуудад танилцуулан хэлэлцсэн байна.
Шүүхээс С.Молор-Эрдэнийн хувийн байдал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсэж болзошгүй эрсдэлүүдийг харгалзан үзжээ.
Тухайлбал, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт болон нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, мөн гэмт хэрэг үйлдэх, үйлдсэн гэмт хэргээ төгсгөхтэй холбоотой үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа эсэхийг шүүх харгалзан үзсэн байна.
Иймд прокурорын гаргасан хүсэлтийг хүлээн авч, С.Молор-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2026 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргажээ.