Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан дэлбэрэлтийн хэрэгт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж байна.
Тус хэргийг эргэн сануулахад, 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн уулзварын орчимд шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин “Nissan Patrol” маркийн автомашинтай мөргөлдсөнөөр их хэмжээний хий алдагдаж, улмаар хүчтэй дэлбэрэлт, гал гарсан.
Уг осол, дэлбэрэлтийн улмаас долоон хүн амь насаа алдаж, олон хүн түлэгдэж, гэмтэн эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд ойр орчмын орон сууц, барилга байгууламж, автомашин болон бусад эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан. Амиа алдсан долоон хүний гурав нь Онцгой байдлын байгууллагын алба хаагч, дөрөв нь энгийн иргэн байв.
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, улмаар “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав болон тус компанийн жолооч Ч.Ренчиндорж нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж байсан. Гэвч 2025 оны дөрөвдүгээр сарын 22-нд болсон урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Ингэхдээ хохирогч, иргэний нэхэмжлэгчтэй холбоотой асуудал болон хэрэгт ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг нэмж шалгах шаардлагатай гэж үзсэн талаар тухайн үед мэдээлж байсан.
Үүний дараа мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, хэргийг 2026 оны зургадугаар сард дахин шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хугацаанд “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав нас барсан тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин жолооч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн.
Прокуророос Ч.Ренчиндоржид Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, мөн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Дүнжингаравын уулзварт болсон эмгэнэлт ослоос хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, хэрэг шүүхийн шатанд дахин ирээд буй. Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг шүүхээр хэлэлцүүлэх боломжтой эсэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудлуудыг хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх юм.
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон иргэдийн хувьд уг хэргийн шүүхийн шийдвэр, хохирол нөхөн төлүүлэх асуудал анхаарлын төвд хэвээр байна.