Оросын зэвсэгт хүчин пүрэв гаргийн шөнө буюу тавдугаар сарын 14-нд Киев хот руу пуужин болон дрон ашиглан өргөн хэмжээний довтолгоо хийжээ. Украины Онцгой байдлын улсын алба (ОБУА) Telegram хуудастаа нийтэлсэн сүүлийн мэдээллээр, энэ халдлагын улмаас хамгийн багадаа 21 хүн амиа алдаж, тэдний дотор гурван хүүхэд байсан аж.

Өмнө нь ОБУА 47 хүн шархадсаны дотор хоёр хүүхэд байгаа талаар мэдээлсэн бол Киев хотын захирагч Виталий Кличко хотын эмнэлгүүдэд 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдэгджээ. Киевийн зүүн өмнөд хэсэгт орших Дарницкий дүүрэгт орон сууцны олон давхар барилга хэсэгчлэн нуран унаж, нурангин дороос 28 хүнийг амьдаар нь аварсан байна.

Киевт гашуудлын өдөр зарлав

Киев хотын захирагч В.Кличко мэдэгдэхдээ тавдугаар сарын 15-ны баасан гаргийг хотын хэмжээнд гашуудлын өдөр болгон зарласан бөгөөд энэ өдөр бүх хотын үйлчилгээний байгууллагуудын төрийн далбааг бөхийлгөж, төрийн болон хувийн байгууллагуудад ч мөн далбааг бөхийлгөхийг зөвлөжээ. Мөн хотод аливаа төрлийн үзвэр, зугаа цэнгээний арга хэмжээг хориглосон байна.

Украин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулна

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига Киевт болсон агаарын хүчтэй довтолгоотой холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хурал зарлуулах санаачилга гаргаснаа мэдэгдэв.

Тэрбээр “ОХУ-аас Украины энгийн иргэд болон хүмүүнлэгийн ажилтнууд руу чиглэсэн халдлагад хариу өгөхийн тулд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулахыг би үүрэг болгосон” гэж сошиал хуудастаа бичжээ.

Мөн тэрбээр “Оросын террорист ийм хэмжээний үйлдэлд олон улсын хатуу хариу арга хэмжээ шаардлагатай бөгөөд бүх улс орнууд үүнд хариу өгөхийг уриалж байна” хэмээн онцолсон байна.

Киевт гал түймэр, барилгын эвдрэл гарчээ

Өмнө нь мэдээлснээр, Украины нийслэлийн хэд хэдэн хэсэгт сүйрэл, эвдрэл гарсан байна. Днепровский дүүрэгт дроны хэлтэрхий унасны улмаас таван давхар орон сууцны барилгын дээвэр дээр гал гарч, мөн нэг нисэгчгүй төхөөрөмж хувийн байшинд оногджээ.

Хотын хойд хэсэгт байрлах нэг орон сууцны 12 дугаар давхарт хэлтэрхий унаж, гал гарсан тухай В.Кличко Telegram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Шевченковский, Соломенский болон Оболонский дүүргүүдэд орон сууцны бус зориулалттай объектууд эвдэрч, Соломенский дүүргийн бизнес төвийн зогсоолд автомашин шатжээ. Мөн Дарницкий дүүрэгт түр барилгын байгууламжууд шатаж, шатахуун түгээх станцад гал гарсан байна.

Голосеевский дүүрэгт хэлтэрхий бизнес төв болон авто зам дээр унасан талаар мөн мэдээлжээ.

Украины бусад хотууд руу ч довтолжээ

Украины Зэвсэгт хүчний Агаарын цэргийн алба Telegram хуудастаа Оросоос Харьков, Полтава, Сумы, Донецк, Одесса, Николаев, Днепропетровск болон Черкасс мужууд руу пуужин, дрон, удирдлагатай бөмбөг (КАБ) ашиглан довтолж буй талаар мэдээлсэн байна.

Мөн тавдугаар сарын 13-ны өмнөх нэг хоногт Оросын арми нийт 892 нисэгчгүй төхөөрөмж (дрон) Украин руу харваснаас 710-ыг нь агаарын хамгаалалт саармагжуулсан гэж Украины тал мэдэгджээ. Түүнчлэн дайны хугацаанд анх удаа Ужгород хот мөн халдлагад өртөж, хэд хэдэн дэлбэрэлт болсон байна.

Эх сурвалж: DW